"Хэрвээ бид хоёр огт учраагүй байсан бол илүү дээр байх байсан юм."
Чиний надад хэлсэн сүүлчийн үгс.
Үнэхээр тийм гэж үү?
Тэр өвлийн орой жижигхэн бялууны дэлгүүрийн үүдэнд авсан бялуугаа газарт унагаачихаад уйлах шахан суусан чиний даарсандаа улаа бутарсан хамрыг хараад инээмсэглэлгүй зөрсөн бол... Чи надруу ууртайхан хараад "Хүний зовлон инээдтэй байна уу?" гэж асуулгүй, би чамруу сандран толгой сэгсэрч, "Үгүй ээ, зүгээр эгдүүтэй санагдаад" гэж хэлчихээд дараа нь ичсэндээ амаа дараагүй бол илүү дээр байх байсан уу?
Хоёр дахь удаагүй санаандгүй таарсан тэр хүнсний дэлгүүрт миний хэтэвч гэнэт алга болоод чи миний дэргэд инээд алдангаа "Хэцүү үедээ хүнд шоолуулах ямар байна?" гэж асууж, тэгсэн хэрнээ миний өмнөөс худалдаж авсан хоёр ширхэг нохойнд зориулсан амттаны төлбөр болоод 4000 воныг төлөөгүй бол...
Тус хүргэсэн явдлын хариуд би чамд кофе ч болов авч өгье гэж гуйсаар дугаарыг чинь асуугаагүй бол, тэгж дугаарыг чинь авчихаад оройжин чамруу өөрийгөө анх таарсан өдөр огт шоолох гэсэн юм биш шүү хэмээн тайлбарласан зурвас илгээгээгүй бол дээр байх байсан гэж үү?
Кофе ууя гэж дуудсан би цагаасаа 20 минут хоцорч очсон байхад даарсан хэрнээ намайг хүлээсэн чи надруу инээмсэглэн гараа даллаагүй бол,
Дараа нь шалтгаан гаргах гэж "Даараад байна" гэж үглэсээр ороолтыг чинь гуйж авчихаад буцааж өгөлгүй гэртээ хариагүй бол,
"Дурлаж байна" гэж би өөртөө хэлээгүй бол, "Та надад их хөгжилтэй санагддаг" гэж чи надад хэлээгүй бол
"Дахиад уулзахдаа "болзоо" шүү" гэж зориглон тэр зурвасыг илгээгээгүй бол үнэхээр дээр байх байсан юм гэж үү?
Хичнээн удаан ч хамаагүй утсаар ярьж, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг зурвасаар солилцдоггүй байсан бол
Хэн хэнээсээ ичсэн ч гэсэн "болзоо"-ндоо ирэхдээ инээмсэглэн нэгэнрүүгээ даллаагүй бол
Тэр хүйтэн 12 сарын орой, хүний нүднээс нуугдан байж, харанхуй цэцэрлэгт хүрээлэнд анх удаа чиний дулаахан гараас атгаагүй бол,
Тэгж атгасан гарыг минь чи уруулдаа хүргэн дулаацуулаагүй бол,
"Бид өнөөдрөөс эхлээд хосууд шүү" гэсэн чиний тэр үгэнд баярласандаа би чамайг тэврээгүй байсан бол үнэхээр дээр байх байсан уу?
Шинэ он гарах мөчид анх удаа чиний уруул дээр үнсэхэд хүүхэд шиг ичсэндээ инээмсэглэсэн төрхийг чинь харж өхөөрдөөгүй бол,
Хичнээн их цаснаар даарсан ч зүйлгүй хөтлөлцөн алхсан тэр цэцэрлэгт бүр анхнаасаа очоогүй бол,
"Бид" гэж цасан дээр бичээд зүрх зурах миний зургийг дарах үедээ чи надад "Хайртай" гэж хэлээгүй бол
Тэр хайртай гэдэг үгнээс болж би чамайг бүр их хайрлаагүй бол
Би чи биш БИД болоогүй байсан бол дээр гэж үү?
"Уучлаарай"
Миний чамд хамгийн сүүлд хэлсэн үг.
Сэтгэлээ шингээсэн үг бүрийг чинь тоглоом болгож, шоглодог байсанд, зүгээр л итгэл өгөхийнхөө оронд эргэлзээ өгдөг байсанд
Маргалдах бүрдээ гомдоох үг хэлж, маргааш нь болохоор ахиад тэгэхгүй ээ гэж ам гарна. Гэхдээ ахиад л давтагдах миний үгс, үйлдлүүд бүрийн минь төлөө уучлаарай.
Амлалт бүрийнхээ араас "Мартчихжээ" гэдэг байсанд уучлаарай.
Хайрлаж байгаагаа харуулаагүйд уучлаарай. Хайрласан минь үнэн шүү
Үргэлж дэргэд минь баййх юм шиг санаж, өдөр бүр чамтай байгаа минь хичнээн үнэ цэнэтэй зүйл болохыг ухаараагүйд уучлаарай.
Нандигнан байж хэлсэн хайрын үгс бүрийн чинь хариуд хангалттай хариулдаггүй байсанд уучлаарай.
Хамтдаа байгаа хэрнээ ганцаардуулж байсанд уучлаарай.
Харуулаагүй, ойлгуулаагүй, мэдрүүлээгүй хайр бүхнийг минь уучлаарай.
Одоо харуусал л үлдсэн бидний харилцаа, өнгөрсөнд харин өчнөөн жаргалтай дурсамжууд.
Ирээдүйд харин юу хүлээж байгаа бол? Чи намайг мартаж, би ч чамайг мартаж, магадгүй өөр нэгнийг хайрлахдаа өчүүхэн ч болов нэгнийхээ үлдэгдлийг өнөөх хайртаасаа эрэх болов уу?
Чиний хамгийн том харуулсал надтай учирсан явдал байсан бол
Миний хамгийн том харуусал ердөө л
Хайранд ч бас хадгалагдах хугацаа байдаг гэдгийг мэдээгүй минь.
*
ESTÁS LEYENDO
Broken Cup (Oneshots)
FanficНэгэнт хагарсан аяга хэчнээн эвлүүлэх гэж оролдоод ч цуурхайгаар нь ус гоождогтой адил. Namjin Sad Oneshots