Дараагийн өдөр Жонгүг зуршлаараа таван цаг гучин минутанд сэрж богино өмд, сул цамц өмссөөр гүйхээр гарав. Спорт заал явж дасгал хийж биеэ хэмжээнд нь барих сайхан ч, нэг талдаа энэ нь түүнийг сэргэхэд, цэгцрэхэд тусалдаг учраас тэр өглөө тойргоор гүйх илүү дуртай.Гэрт бүдэгхэн шаргал гэрэлээс өөр юу ч байхгүй болохоор цагийн баримжаа авах юу ч үгүй.
Тэр цэцэрлэгт ирэхэд өглөөний жавар шар үсийг нь босгоно. Удахгүй халууцаж эхлэх учраас энэ түүний санааг нэг их зовоосонгүй. Эцсийн эцэст тэр эх орондоо зүтгэж явсан эр. Халуун ч, хүйтэн ч зогсоохгүй.
Нар арай мандаагүй ч өглөөний манан хэдийн арилжээ. Өндөр хашаанаас өтгөн сарнайгаар л ялгагдах цэцэрлэгт тэр, гэр тойрсон чулуун замаар алхаж эхэлсэн ч бутны хажууд, шууд газар суусан жижигхэн зураглалыг хараад хөдөлгөөнөө зогсоов.
— Тэхён? — Жонгүг түүнийг мөн эсэхийг мэдэхгүй учраас мартаад өөрийн тушаах чанга хоолойгоороо дуудсанд гэрийн эзнийг айлгаж орхив.
Тэхён газраас огцом босохдоо мөчирт тээглэн нүүрээрээ сарнайн бутны өргөсөнд хатгуулсан ч өвдөлтөө биш чангаар цохилох зүрхнээсээ өөр зүйл мэдэрсэнгүй.
— Өглөөний мэнд! — бас дахиад л өнөөх огтхон ч үнэмшилгүй жижүүрийн инээмсгэлэл.
— Уучлаарай, би дахиад л таныг айлгачихлаа.
— Үгүй ээ, үгүй, зүгээр!
— Цэцэгсийг арчлаа юу? – Хоёр гар нь, өмд нь гээд тэр чигтээ битүү шороо болчихсон байгааг нь сая л анзааран асуувал Тэхён аяархан доош өөрийн цэцэгсрүүгээ харсаар толгой дохив.
— Надад цэцэг арчлах таалагддаг. Тайвшруулдаг юм.
Жонгүг Тэхёний хажууд очиход юуны эсвэл хэний ч юм харууслын ойлгомжгүй мэдрэмж зүрхийг нь хөндүүрлүүлнэ. Яг л ямар нэг юм болохгүй байгаа юм шиг эсвэл ямар нэг зүйл байрандаа байхгүй байгаа юм шиг, гэхдээ яг юу гэдгийг нь огтхон ч ойлгохгүй. Тэхён сонин, муу утгаар биш. Зүгээр л толгойноосоо эхлээд хөл хүртлээ хачирхалтай оньсого шиг.
— Та шархадчихаж, — хацарлуу нь дохино.
— Хаана?! — энгийн хэмжээнээс том нүд бүр том болсоор гараа нүүрэндээ хүргэж амжихаас өмнө Жонгүг бугуйнаас нь зөөлнөөр атган зогсоов.
— Таны гар шороо болчихсон байна, — Тэр өөрийг нь огтхон сонсохгүй байх шиг. Жижигхэн шалбархайнаас болоод яагаад ингэтлээ сандараад байгааг нь Жонгүг ойлгосонгүй. Тэхён царайндаа тэгж их анхаардаг гэж үү?
YOU ARE READING
Од гэрэлтэхээ болиход
RomanceЖонгүг түүний сэтгэлийг аврах биш, биеийг хамгаалах ёстой байсан.