14. Загасчин

174 40 13
                                    

Бид хамгийн сүүлд уулзсан тэр өдрөөс хойш даруй нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Түүнтэй анх кафед таарахад тэрээр зузаан хар пальто өмссөн байсан нь одоо ч тодхон санагдана. Харин одоо гадуур холхих хүн бүхэн ноосон цамц, зузаан хүрэм өмсөхөө хэдийн больжээ.

Сүжин үргэлж цонхны хажууд суудаг, нэг л зүйлээ захиалдаг тэр нэгэн нууцлаг залуу чухам хаачсан талаар гайхан ам нээж басхүү байнгын үйлчлүүлэгчээ алдсандаа сэтгэл гонсгор байв.

Харин би чухам юу мэдэрч буйгаа ойлгохгүй байсан ч түүнтэй дахин уулзах нууцхан хүсэл миний хаа нэгтээ байсаар л байсан юм.

Кафе хаа нэг хүнгүй шахуу байдаг бөгөөд өнөөдөр тэр өдөр ажээ. Сүжин бид хоёр элдвийг ярилцсаар текний ард сууж байтал үд өнгөрснөөс хойш анх удаагаа үүдний хонх жингэнэх нь тэр.

"Тавтай морилно уу"

Би багахан бөхийн угтах бол өнөөх хүн өөдөөс минь "Сайн уу?" хэмээн гараа багахан даллаад инээмсэглэж харагдана.

Би тэрхэн зуур ухаанаа хаа нэгтээ гээчихсэн мэт өөдөөс нь толгойгоо дохихоос өөр зүйл хийж чадсангүй.

Аз болж энэ удаад өмнөх шиг явдал дахин давтагдсангүй. Тэр өнөөх л шоколадтай бялуу, жүржийн шүүс хоёроо дорхноо захиалав.

Бүр "Хэрвээ завтай бол надтай түр суугаач" хэмээн намайг хажуудаа урих нь тэр.

Би өөдөөс нь харсан сандалд суугаад бидний хооронд хэсэг чимээгүй байдал ноёллоо. Гэхдээ зүрхний минь цохилт чих дэлсэм чанга дуулдана. Юнгид ч тэр надад ч тэр яриа эхлүүлэх зориг байсангүй.

Хэсэг зуур чимээгүй суух хооронд би түүнийг хангалттай ширтэж амжив. Үс нь ердийн байдгаасаа үл ялиг урт ургачхаж. Бага зэрэг буржийлгавал ямар харагдах талаар ч би төсөөлөөд авав. Бусдаар түүнд өөрчлөгдсөн юм алга. Үнэр нь, хоолой нь, инээмсэглэл нь бүгд яг хэвээрээ. Гагцхүү дурсамжид минь л тэр бүгд бүдгэрсэн байж.

Бид өдөр бүр нэг ангид суудаг атлаа, инээмсэглэлийг нь хүртэл мартах шахсан гэхээр бид тийм л их хөндийрсөн бололтой.

Би түүнд дохио өгөхөөр хоолойгоо засахад Юнги анзааран "Энд ажиллаад хэр удаж байгаа юм?" хэмээн над руу биш урдах шүүс рүүгээ харсаар асуух нь түүнд хангалттай эвгүй байгааг харуулах шиг.

"Ажилд орсон анхны өдрөө л чамтай таарсан. Харин чамайг байнгын үйлчлүүлэгч гэж сонсон юм байна" Би түүн рүү багахан инээмсэглэв.

For YouWhere stories live. Discover now