XXX: Хоёр жил...100 хоног...Тэгээд үүрд

2.5K 165 28
                                    

Энд надаас бусад хүмүүсийн хувьд гэрлэлт өөр байх юм. Хайр сэтгэл гэхээсээ илүү зүгээр л таатай хамтын амьдрал, мөнгө, ирээдүй. Тэд гэрлэхдээ ажил мэргэжил, орон сууц, хүүхэд өсгөх таатай орчинг түрүүнд хардаг. Гэрлэлт ийм байдаг. Гэтэл би үнэндээ түүнийг сохор зоосгүй байлаа ч хайрлаж, хамт байх байсан юм. Тэр зүгээр л нэгэнт эхлүүлсэн тухтай, таатай харилцаандаа хоргодож, түүнээсээ болоод эрсдэл гаргахыг хүсэхгүй байна. Гэтэл би түүний төлөө бүх хариуцлагыг үүрэхэд бэлэн байсан. Яагаад гэрлэлтийг хүн бүр ашгийн төлөө гэж боддог юм бэ? Хайр сэтгэлгүй, танихгүй хүмүүс анх удаа уулзаж, хэдхэн үг солиод гэрлэхээ шийдэж байгаа тухай нэвтрүүлгийг би үзэж байсан. Ийм амархан гэж үү? Гэтэл би түүний төлөө бүхнийг хаяхад бэлэн байсан. Бүхнийг хийх байсан. Даанч тэр тухтай, хуучин харилцаанаасаа холдохгүй гэж шийдсэн. Гэрлэлт... Би хайрыг л хүссэн.
Харин тэр өөрийн гэрлэлт хүртэлх түр хугацааны эрх чөлөөг хүссэн. Би түүнд хайртай гэж хэлэх хэрэггүй байсан юм. Тэр үг л миний хамгийн том алдаа байж. К намайг тэгж хэлснээс хойш л хуурч. Надад хайргүй мөртлөө тэр үгнээс минь болоод л хайртай юм шиг аяглаж. Би өөрөө худал хуурмагийг хүсч. Тэгэхээр би түүнд буруу өгч болохгүй, бас өөртөө ч буруу өгч чадахгүй.

Өнөөдөр манай кафе сүүлийн удаа ажиллаж байгаа нь энэ. Маргаашнаас эхлэн энэ газар өөр хүнийх болно. Юуны тулд ашиглагдах бол? Кафе биш болно байх. Бүх түүхийг эхлүүлсэн энэ кафег цаашид байхгүй болно гэхээр аймшигтай ч юм шиг. Гэхдээ булан тохой бүр нь дурсамжаар дүүрсэн энэ газрыг ахин дахин харах шаардлагагүй болж байгаадаа баярламаар ч юм шиг. Лукас хэдийн энэ бүхэнтэй эвлэрч, өөр газар ажилд орохоор болсон. Тэр маш сайн ажилладаг байсан гэдгийг би дурдах ёстой. Бас манай кафед орж ирдэг нэг эмэгтэйтэй танилцан болздог болсон. Бид нэг нэгэнтэйгээ харилцаатай байхаа амласан ч би өөртөө итгэлгүй байлаа. Би өмнөх бүхнээсээ харилцаагаа таслахыг хүсч байна.

Хаалганы хонх дуугарахад би арын өрөөнөөсөө гарч ирээд тэр дороо хөшиж орхив. Яагаад "Энэ миний сүүлийн өдөр" гэж бодоход юмс хачин болж эхлэдэг байна? Үзэн ядмаар, уур хүрмээр... Учир нь тэнд миний хэзээ ч бодит амьдрал дээрээ таарахгүй гэж бодож байсан хүн зогсож байлаа. Түүний найз охин. Эсвэл сүйт бүсгүй гэх хэрэгтэй юу?

Тэр ази төрхтэй нэгэн эмэгтэйтэй цуг хоорондоо ярилцсаар урд минь ирж, би ч ухаан орсон аятай түүн рүү ширтэхээ болив. Тэр хөөрхөн юм. Бараан үстэй, жижигхэн нүдтэй боловч тэрийгээ гоё буддаг. Бас туранхай, бага зэрэг намхан. К-тэй нас чацуу. Гэхдээ би юу гэхээ мэдсэнгүй. Энэ эмэгтэй түүнтэй байх эрхтэй юу? Энэ эмэгтэй үнэхээр түүнд хайртай юу? Би түүнийг ядаж өөр охинд хайртай байсан болоосой гэж хүсч байна. Хараад л тэр дороо надад боломж байхгүй гэдгийг мэдрүүлэх тийм охин. Эсвэл надтай бага ч болтугай адилхан байсан болоосой. Тэр байнга ном уншдаг юм шиг эсвэл гунигтай ганцаардмал амьдралаасаа түүний хүчээр салж хагацсан мэт харагдахгүй байна. Тэр зүгээр л анхнаасаа бүх зүйл нь ямар ч асуудалгүй байсаар ирсэн тийм эмэгтэй шиг харагдав.

A Bite of Wonderland (Монгол)Where stories live. Discover now