Бүх зүйл эхлэхийн өмнө

11.2K 392 15
                                    

Энэ бол гайхамшгийн эхлэл. Миний төсөөлж байгаагүй тийм зүйл. Би багаханыг амссан даруйд шунан дурласан. Уруул минь тэр амтанд шунан бодит байдлыг гээж, оюун санаа минь аз жаргалын бал бурамд согтсон. Нүд минь түүнийг л хайж, гар минь түүнд хүрэхээр яардаг. Тэр намайг олзолчихсон. Тэр намайг эрхшээлдээ бүрэн оруулсан. Арьсан дээр минь түүний хүрэлт бүр төөнөн мэдрэгддэг. Өдрийн бодол, шөнийн зүүдэнд ч тэрний юм бүхэн намайг дагасаар байдаг.

Тэр амт намайг хэзээ ч өөр зүйлийн амтыг мэдрэхээ байхад хүргэсэн юм. Би тэр амтанд л шунан тэмүүлдэг. Улайран дайрдаг. Байж ядан хүсдэг. Энэ амт гайхамшгийн амт. Гэхдээ бас чөтгөрийн урхи, хор гэлтэй.

Миний дахин дахин амтлахаас хэзээ ч буцахгүй тэр амт зөвхөн түүнд бий. Үгийг нь хүртэл зажилж, тамшаалмаар санагдах энэ донтолт аюултай гэдгийг би тэр үедээ ойлгоогүй. Энэ хэтэрхий аюултай байсан. Даанч би оройтож мэдсэн.

Өөрийн бодит байдал гэж бодсон тэр бүхнийг аймшигтай, зүрх өвдөм төсөөлөл байгаагүй гэж надад хэлээч. Би бодит байдал, төсөөлөл хоёрын хооронд төөрөөгүй гэж хэлээч? Даанч ялгах арга байдаггүй юм байна.

                                     ❁ ❁ ❁

"Түүхийн гол баатар болгон ямар нэгэн зүйлээрээ онцгой байдаг. Ямар нэг гайхалтай зан чанартай, өөр амьдралтай. Гэтэл над шиг энгийн хүмүүс яах болж байна аа? Бидний түүх хаана байна? Эсвэл ямар ч бичээд байх зүйлгүй болохоор биднийг ингэж үл тоон, өөр зүйл рүү тэмүүлдэг юм болов уу? Энэ нь намайг өвтгөж байна. Би түүхийн гол дүр нь энгийн амьдралтай энгийн л нэг охин байгаасай гэж хүсэж байна. Энгийн хэсүүлч нэгэн. Шинэ газар, шинэ мэдрэмжийг хайх нэгэн"

Блогтоо ийн бичээд би тэр даруй "Log out" хийлээ. Хүмүүс тэр болгон орж уншдаггүй ч надад үнэ цэнэтэй миний ертөнц.

Зурагтаар цаг агаарын мэдээ гарч, ойрын хэд хоногтоо усархаг ширүүн бороо орохыг анхааруулах аж. Гэсэн ч зун ирж байна шүү дээ. Нарлаг өдрүүд ирж л таараа.

Би өөрийн лаптопыг буйдан дээр тавиад удирдлагыг авч зурагтын сувгуудыг солин суухдаа цаг руу байн байн харан, аав ээж хоёр хэзээ орж ирэхийг дотроо тааж байлаа. Хоёр жилийн өмнөх зул сараар эмээгийн минь бэлэглэж байсан том, дулаахан нэхмэл цамцыг өмсөн суух нь нэн таатай. Бараг суусан чигээрээ унтчихмаар. Дахиад хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч дууны сувгаар орчин үеийн өчнөөн дуу ээлжлэн солигдсоор байхад зовхи минь бага багаар хүндэрч, хаалга онгойх чимээ гарахад би цочин хаалга руу харлаа.

A Bite of Wonderland (Монгол)Where stories live. Discover now