Анна Гриффит
Хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Англид болжээ. Бертон Агнес Холл хэмээх харшид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний улмаас цэл залуугаараа хорвоог орхисон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа толгойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ хачирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэмээн амласан ч өндөр халуурснаасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүрсэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараачийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан "ажлыг" өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зургийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэрээр морио ташуурдаж, дугуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай "шүтээн"-ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор унаган цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр гавлыг хуучин байранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бөгөөд хэн ч дахин Аннагийн гавлыг гэрээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг.
DU LIEST GERADE
Аймшгийн Өгүүллэг Болсон Явдал /oneshot/
KurzgeschichtenДэлхийн улс орон хот суурин болгонд өөр өөрийн гэсэн янз бүрийн домог яриа байдаг. Энэхүү Oneshot-ууд нь ид шидтэй холбоотой хэмээн итгэгдсэн орчин үеийн маш алдартай домог ярианууд юм. Эдгээр аймшигтай домог ярианууд хэрвээ бодит амьдрал дээр бидэн...