Тэмцээн

897 59 4
                                    

Хэдхэн долоо хоногтой муурын зулзага харж байсан уу? Муужгайхан гэж нэрлэгддэг тэр бяцхан амьтаны тоглож байгааг харсан бол өөрийн эрхгүй толгойд тань жаахан хүүхэд орж ирнэ дээ. Бөөрөнхийлж багласан утас өгчихөд тоглож байгааг нь харах ямар жаргалтай гэж санана. Муур ер нь хамгийн ухаантай амьтан гэж хэлж болно, дээрээс нь цэвэрч. Бид хашааныхаа ойр орчимын муурнуудыг цуглуулж аваад өвсний амбаартаа хураагаад орхичихно. Хөөрхийс, өвлийн хахир хүйтэн, зуны бүгчим халууныг зөвхөн тэнд хорогдсоноор л давж гарах боломжтой. Дөрвүүл ээлж ээлжээр өглөө, өдөр, орой гэх мэтээр сүүгээр хооллоно. Зулзаган муур олж жижигхэн "муурын байшиндаа" нэмэрлэвэл ямар их баяр хөөр болно гэж санана. Хэдий нас биенд хүрсэн муурнууд ч зулзаган муужгайхануудад таатай ханддаг байлаа. Хавь ойрын булан тохой, хашааны мухраас цуглуулж аваад л жижигхэн байшинд нь тохижуулж орхино доо. Эмээ минь бусдад туслаж бай гэдэг байв. Харин надад өнчин өрөөсөн хэний ч хараа хяналтгүй хаяагдсан тэдгээр гудамжны амьтадад туслах нь юутай таатай байдаг байв аа. Гэвч тэдний ихэнхи нь өвлийн хүйтэнг даалгүй өнхрөөд өгдөг байлаа. Хэдий олон муур олж цуглуулсан ч хаврын урь ороход эр эм яг хоёр л үлдчихсэн байхыг харах харамсалтай байдагсан. Нялх хоногтой зулзаганууд үхэж үрэгдсээр манай тэр хавиар ч харагдахаа байлаа. Тэр нэгэн бичин жилийн зудаар бид яг нэг эр нэг эм мууртай хоцров. Бүгд л их харамсаж билээ. Хэдий олон амьтны амийг өвлийн цаснаас нуун аврах гэж хичээвч ёрын юм шиг хосоороо л үлдэж хоцроно. Өнөөх хаврын уриар эмэгчин муурных нь "ороо" эхлээд эрэгчинээ зүгээр байлгахгүй. Төдөлгүй мөн л олон тооны зулзаганууд байшинд нэмэгдэх сургаар бид чих тавин хүлээнэ. Бүр шөнө дунд нууцгайлан гэрээсээ оргоцгоогоод тэднийг хэзээ төрхийг тэсэж ядан хүлээнэ гээч. Төдөлгүй бүхний хүлээлт, баяр цэнгэл болсон муужгайнууд хахир хорвоод айлчилан ирцгээнэ. Жижигхэн цаасан хайрцагийн доороос толгойгоо цухуйлгацгаан анхны агаар, нарны илчит туяаг тэмүүлэн гарцгаах нь ямар үзэсгэлэнтэй  гэж санана. Үнэхээр хайр татам амьтад шүү. Бүүр ямар гээч, цухуйсан бяцхан толгойнуудыг уралдан,   няц гишгэцгээн "нэг, хоёр,гурав..." хэмээн тоглоцгоох энүүхэнд. Муужгайханы цухуйх бяцхан толбот толгойнууд дээр гишгэхэд гавлын ясных нь шар нар хийн дуугарах чимээ ар нуруугаар маажаад авах шиг болдог байж билээ. Өвсний амбаарын харанхуй буланд ээлж ээлжээрээ тамын амьдралаас чөлөөлөгдөх тэдний өмнөөс би хичнээн атаархдаг байв аа... 

Муурын байшинWhere stories live. Discover now