1. Тэр

4.7K 219 7
                                    

Гэрээсээ холгүйхэн орших нуурын эрэгт суухдаа би хайрын талаарх бодолд автсан байлаа. Хязгаар нь хаа хүрэхийг үл мэдэх тэнгэрийг хараад хайр ч бас хязгааргүй болохыг, намуухан долгилох усны толиог хараад хайр ямар уянгалаг болохыг, нуурын усан дээр хөвөх хос хоёр хунг хараад хайр ямар үзэсгэлэнтэй болохыг таамаглаж байв. Тэгээд үлгэр домогт гардаг тэр агуу хайр миний зүрхэнд ч бас нисэн ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүслээ. Яг л бурхан миний хүслийг сонсоод биелүүлэхийг хүссэн мэт тэр үед хэн нэгэн миний мөрөн дээр зөөлөн товшоод намайг эргэж харах үед ингэж хэллээ.

-Уучлаарай намайг төв зам руу дөхүүлээд өгч болох уу?

Бага зэрэг сандарсан бас эргэлзсэн хоолойны өнгөөр тэр яг ингэж хэлсэн. Түүний царай миний урьд өмнө нь харж байсан хүмүүсийн царайнаас маш онцгой байлаа. Тиймийн учир л би удаан ширтэн зогссон байх. Тэр дахин мөрөн дээр минь товшоод саяхан чихээр минь ороод тархинд хүрэх замдаа төөрчихсөн үгийг дахин хэллээ.

- Уучлаарай намайг төв зам руу дөхүүлээд өгч болох уу?

Энэ удаад би тэгэж удаан түүнийг ширтэж зогссонгүй. Юу түүний гараас хөтлөхийг уриалсныг мэдэхгүй ч бид нэг мэдэхэд хөтлөлцөөд миний мэдэх тэр бяцхан жимээр манай гэрийн зүг тайван алхалж байлаа. Бараг гэрийн гадаа ирээд байхад аавын намайг дуудсан нь түүний царайд гайхширсан төрхийг бий болгоход хүргэсэн юм. Магадгүй аав ч бас эхлээд охин нь үл таних эрэгтэйтэй хөтлөлцөөд ирж байхыг хараад гайхсан байх. Аав бараг гүйхээрээ ирээд хамгийн түрүүнд над руу дараа нь түүн рүү эцэст нь бидний хэзээ ч үл тавих мэт хөтлөлцөх гар луу харлаа.

Аав: Чи чинь хэн билээ?

Тэр: Би энд саяхан нүүж ирсэн юм лдаа. Тэгээд төөрчихөөд охиноос тань төв зам руу хүргэж өгөхийг гуйсан юм... Гэж хэлэхтэйгээ зэрэг гараа миний чангаар атгах гарнаас төвөггүйхэн салгаж авлаа. Аавын царайнд түүний үгэнд итгэсэн төрх илрээгүй ч тэр толгой дохиод түүнийг цааш дагуулан явлаа. Харин би зөвхөн тэдний араас харсаар үлдсэн юм. Дахин уулзах итгэлийг дотроо тээгээд...

Аав буцаж ирэхдээ түүний нэрийг болон өөр бусад зүйлсийг хэлсэн ч би нойрны ертөнц бодит ертөнц хоёрын яг зааг дээр байсан учраас алийг нь ч ойлгосонгүй. Тэгээд тун удалгүй зүүдэндээ түрүүний хүүтэй дахин уулзлаа. Би л хувьдаа дахин уулзсандаа таатай байв.

Нуурын эрэг дээрх уулзалтаас хоёр хоногийн дараа бид манай цэцэрлэгт дахин уулзлаа. Дахин уулзсандаа баяртай байна гэж хэлэхийг хүссэн ч яагаад ч юм ичээд чадсангүй. Дэмий л түүн рүү ширтэн зогсож байлаа.

🌹 Rosary 🌹Where stories live. Discover now