Чиний минь ертөнц миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл.
Жэбом дахиад л ажлаасаа оройтон орж ирнэ. Өнөөдөр өнөөх нийтлэлийн талаар захиралдаа нилээдгүй зэмлүүлсэн учир бас л ихэд ядарсан нь тодорхой. Хэдий ядарч буй ч гэлээ ширээн дээрээ байх захидлыг харсаар гар сунган авлаа. Тэгээд орхисон хэсгээсээ үргэлжлүүлэн уншиж эхэлнэ.
"Эцэг минь намайг есөн настай байхад ослоор өөд болсон юм. Хөөрхий дөө, аав минь."
"Харамсалтай байна."
"Би гэрээсээ гарах дуртай хүүхэд байгаагүй ээ. Эцэг эхдээ зодуулах тоолонд заавал нэг газар хөхөрч, шалбардаг байсан тул түүнээсээ ичээд гарахаас санаа зовдог байлаа. Тэгээд үргэлж цонхны дэргэд суугаад, үеийн хүүхдүүдийн хоорондоо инээлдээд тоглохыг ажин суудаг байв. Энэ нь хэтэрхий гунигтай бас ганцаардмал ч гэлээ надад жаахан ч гэсэн баяр баясгаланг өгдөг байсан юм. Цонхоор харах тоолондоо, үргэлж тэдгээр хөөр баясгалантай тоглох хүүхдүүдэд атаархаж, намайг зодох эцэг эхдээ гомдоно.
Чамайг манай урд талын хаалганд нүүж ирэх үе хүртэлх амьдралдаа би тийм ч дуртай биш бас санаад байх ч дурсамж байдаггүй. Би тэр үед арван хоёр настай жаахан охин байлаа. Харин чи минь арван дөрвөн настай хөвгүүн байсан. Санаж байна уу? Санах гэж оролдох хэрэггүй ээ, аль хэдийн 15 жил өнгөрчихсөн болохоор."
"Уучлаарай, гэхдээ би тийм ч сайн санахгүй байна." хэмээгээд тэрээр хөнгөхөн санаа алдлаа.
"Би тэр үед дэлгүүр гарч явсан юм л даа. Тэгээд гэрийн гадна нүүлгэлтийн том машин байхыг хараад ихэд гайхаж билээ. Учир нь намайг тэнд амьдарч эхэлсэнээс хойш нэг ч айл нүүн ирж байгаагүй, бас би гэрээс гардаггүй болохоор энэ нь их шинэлэг санагдсан сан. Чиний цэнхэр номын тавиурыг би тодхон санадаг. Тэр тавиур дээр маш олон үлгэрийн ном бас миний мэдэхгүй хэл дээр бичигдсэн олон том номнууд өрөөтэй байсан. Хүмүүс тэдгээрийг оруулж байх зуур тэдгээрийг их сонирхон, шохоорхож байлаа. Учир нь надад үлгэрийн ном байдаггүй байсан гэдэгт итгэх үү? Тэр дундаас надад хамгийн их таалагдсан нэг зүйл бол төгөлдөр хуур. Нэг товчлуур дээр нь санаандгүй дарж үзэхэд гэнэт дуу гарсанаас нь болоод маш их цочиж билээ.
Тэр үед чамайгаа би олж хараагүй ээ. Харин гадаа нарлан суух ахмад настануудын ярианаас сонссон зүйл бол нэг хүүтэй эхнэр, нөхөр хоёр нүүж ирж байгаа гэдгийг л мэдсэн юм. Төгөлдөр хуурын хажууд байх нотны дэвтэр дээр чиний минь нэр тодоос тод бичээтэй байсан. Им Жэбом... Миний хамгийн ихээр хайрладаг нэр. Бас дээр нь миний мэдэхгүй дүрсээр тэмдэглэгээ хийгээд, зарим дээр нь балласан байсан. Бодвол тэр нь нот байсан байх."
"Би багадаа ая зохиох гэж оролддог байж билээ."
"Тэр үед л анх удаа хөгжим гэх зүйлийг олж харсан минь энэ байлаа. Яагаад гэж үү? Манайх их ядуу айл байсан юм. Ер нь тэнд байх айлууд ихэнх нь тийм ч боломжийн амьдралтай байгаагүй. Тэгээд л би анх тэр хөгжмийн эзэнд татагдаж эхэлсэн юм даа. Танай ээж их эелдэг хүн байсан ба миний гарт чихэр атгуулаад хүүтэй минь тоглож байгаарай гэж хэлж байсныг нь би санадаг юм. Миний насны охины хувьд хөвгүүн гэх үг л ичээж орхидог байж билээ. Тэр үед би маш их ичихийн сацуу нүүр минь лооль шиг л улайн толгойгоо хөнгөн дохисон. Гэхдээ би чамтай тоглодог байгаагүй ээ. Өөрөөсөө ичсэн болохоор гэрээсээ ч гарж зүрхэлдэггүй байсан юм."
Жэбом "Хэрвээ чи гэрээсээ гарч ирсэн бол хоёулаа найзууд байх байсан болов уу?" хэмээн гунигтайгаар шивнэнэ.
"Чи үүнийг л санаж яваарай. Чиний ертөнц миний хувьд бүх л бүтэн амьдрал минь болох юм гэж би тэр үед даанч санаагүй явсан юм шүү, хайрт минь."
_________
©️2024
YOU ARE READING
Танихгүй эмэгтэйн захидал | Jenbum
Short StoryХог шиг амьдралд минь гэрэл цацруулан орж ирсэн, хэзээ ч намайг мэдэхгүй чамдаа явах өдөр хүртлээ захидал бичин сууна. Аз жаргалтай амьдраарай миний хайрын эзэн. 2018.09.05-2018.09.25