Толгой минь хагарах шахам өвдөж цээжин тушаа газар зүүгээр хатгаж буй мэт хөндүүрлэсээр арай хийж нүдээ нээлээ.
"На Жүнхён? Намайг харж байна уу?"
На Жүнхён?...
Амьсгалахад яагаад ийм хэцүү байна аа... Амьсгал авах болгонд уушги хагарах гэж байгаа юм шиг хөндүүрлээд байх юм.
"Намайг хэн гэдгийг таньж байна уу?"
Зүрх өвдөж байна... Яг л хатгаад байгаа юм шиг, юунаас болоод ингэж их өвдөөд байгаа юм бол...
Эргэн тойрноо гүйлгэн харахад эмчийн эсрэг талд ихэр эгч минь намайг ширтээд зогсож байв.
Жүнхён энд яах гэж?
"Жүнхён эгч ээ, таны бие яаж байна? Зүгээр үү?"
Жүнхён гэнэ ээ? Тэр яагаад намайг өөрийнхөө нэрээр дуудаад байгаа юм бол?
"Жүнхён аа, чи зүрхний хэсэгтээ хутгалуулснаа санаж байна уу?"
Хутгалуулсан...
Нээрээ тэр танихгүй хүн...
"Бид чамд яаралтай хагалгаа хийсэн. Азаар дүү чинь чамтай ижил цусны бүлэгтэй байсан учир их тус боллоо. Чи хагалгаанаас хойш бүтэн 7 хоног ухаангүй байлаа шүү. На эмч ч азтай юм гээч"
На эмч?
Жүнхён яг нүдний минь өмнө зогссоор байхад яагаад намайг түүнтэй андуураад байгаа юм бол?
"Ажилладаг эмнэлэгтээ хагалгаа хийлгэсэн гэхээр арай санаа чинь амарч байгаа биз дээ?"
Би энд ажилладаг гэнэ ээ?
Харин ам нээхээс урьтаж Жүнхён ам нээх нь тэр.
"Ким эмч ээ, танд үнэхээр их баярлалаа. Жүнхёнтой түр хоёулханаа ярилцаж болох болов уу?"
Тэр эмч инээмсэглэн над руу хараад толгойгоо дохиод гарав.
Харин Жүнхён энэ удаа над руу их нухацтай харж байлаа.
Арай гэж амаа хөдөлгөх гэхэд тэр гараараа амыг минь таглаж орхих нь тэр.
"На Ёнжү, намайг одоо анхааралтай сонсоорой"
Би арай хийн толгойгоо хөдөлгөхөд тэр гараа хурдхан аваад өөдөөс минь харан суув.
"Чи өөрийгөө хэн гэдгээ санаж байгаа биз дээ? "
Би хариу дуугарах гэсэн ч чадсангүй.
Хоолой дээр минь яг л хүнд зүйл тээглэчихсэн мэт гарч өгөхгүй байлаа.