"ᴡᴇ'ʟʟ ʙᴇ ᴀʟʀɪɢʜᴛ. ᴘʟᴇᴀꜱᴇ ᴛʀʏ ᴀɢᴀɪɴ."

1.3K 126 10
                                    

Бүрхэг тэнгэрээс цасан ширхэгүүд зөөлнөөр хаялж, Сөүлийн хөл хөдөлгөөнтэй гудамжийг цагаанаар хучин авах аж. Үүл сүвлэсэн өндөр барилгуудын нүсэр том дэлгэцээр гарах өнгөлөг сурталчилгаанууд хүмүүсийн анхаарлыг тэр бүр татахгүй. Машины дуут дохионууд хангинадгаараа хангинаж, хар хөх зам, гэрлэн дохионуудын гурван гэрэл ээлжлэн асаж, цав цагаан өнгөн дээр тодрон харагдах хотыг ажин би алхлаа. Санаа алдахад амнаас минь уур савсана.

Хэдэн хормын дараа дотор гижигдсэн хачирхалтай мэдрэмж цээж бүрхэхэд би уйтгартай нь аргагүй эвшээн харагдах бүүдгэр тэнгэр лүү ширтэн дороо зогсчихлоо. Тэгээд хотын хөлхөлдөөн дунд ганцаархнаа хорвоогоос тасарчихсан аятай хэсэг азнав. Зөрөн өнгөрөх бүхэн хаа нэгтээ яарна. Үзэсгэлэнтэй цасыг ажихаар хором ч үл саатах үлэмж уйтнууд. Сэвсгэр зөөлөн цас агаарт жингүйдэж, хаа хүссэн газраа зүггүйтэн очиж буусаар. Зарим нь гутлын минь үзүүр дээр бууж, амьсгааны дайтай богинохон амьдралаа хайлан дуусгах аж.

Хүв хүйтэн болсон гараа халаасандаа хийгээд би гудамжны төгсгөлд харагдах номын дэлгүүр лүү зүглэлээ. Номын дэлгүүрийн хүрэн бор хаалгыг онгойлгон ормогц гадаанаас илүү бүүдгэр, гэрэл муутай орчин угтаж авах аж. Дэлгүүрийн эзэн, хижээл насны эр доторх хүмүүст,

-Өршөөгөөрэй. Цаснаас болоод цахилгааны жижигхэн саатал гарчихсан юм. Түр хүлээвэл буцаад зүгээр болчихно хэмээн сандрангуй тайлбарлах нь сонстоно.

Би цэвэрхэн гэгч нь жигд өрсөн номнууд дундуур алхсаар өөдөөс минь харах том тавиур луу явлаа. Тавиур дээр "Шилдэг борлуулалттай номнууд" хэмээх цаанаа л сүртэй хаяг тавьсан байх аж. Хамгийн түрүүнд нүдэнд минь туссан номыг аваад би хавтсыг нь зөөлнөөр илбэв. Номын дэлгүүрт одоо ч бүүдгэр, гэрэл муутай. Хажууханд минь хүмүүс шинэ гарсан номнуудын тухай ярилцах нь сонстоно.

-Та нар сонссон уу? Жон зохиолчийн саяхан гаргасан ном эхний өдрөө л шууд шилдэг борлуулалттай номын тоонд орсон гэсэн.

-Хөөх, тийм гэж үү? Даанч тийм байх аа. Хаа сайгүй л нэр нь дуулдаад байсан юм. Бас Жон зохиолч сурталчилгаанд хүртэл тоглосон гэсэн байх аа?

-Харин тийм. Би үзсэн. Тийм залуугаараа байж бичих авьяастай, дээрээс нь царайлаг... Тийм хэр нь үүндээ бардаад байдаггүй даруу зантай хүн гэж байгаа... Яаж тийм төгс байж чаддаг байна аа?

Ярилцаж байсан хоёр эмэгтэй ийн шогшироход би барьж байсан номныхоо гарчгийг хараагаараа гүйлгэн уншлаа.

"Өвлийн магтуу"

Зохиолч: Жон Жэхён

Зөөлнөөр санаа алдахдаа би номын дэлгүүрийн цонхоор одоо ч бүүдгэр саарал харагдах тэнгэр лүү харав. Тэгээд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгын зурагтаар гарах сурталчилгааг олж харлаа. Төгөлдөр хуурын намуухан хэр нь нэгэн хэмнэлтэй ая алсаас эгшиглэх нь цаанаа л зөөлөн хэр нь уйтай.

"Poetic Beauty"

Сурталчилгаан дээр ийн бичсэн байх аж.

Энд ч Жон Жэхён, тэнд ч Жон Жэхён. Эгээтэй л ертөнц тэр чигтээ түүнээр дүүрчихсэн мэт.

Гартаа барьсан ном руугаа харахдаа би зөөлхөн амьсгаа гаргалаа.

Тэр сайн л байгаа бололтой.

Тэгээд би номыг худалдаж авахаар дэлгүүрийн касс руу очин мөнгөө төлөв. Шинэхэн номны хавтсыг мэдэрсээр хүрэн бор хаалгаар гарах үед гэрэл муутай орчин ард үлдэж, хөл ихтэй гудамж, хүйтэн агаарын хамт сэнгэнээд явчих аж.

Алдагдсан мөрөөдөл, амьсгаа даран хүлээсэн мөчүүд. Ирээдүй гэдэг тааварлашгүй оньсого мэт санагдаж, эргэж харахын хооронд нэг л мэдэхэд тулан ирсэн байна гэдгийг тэгэхэд бидний хэн нь ч мэдээгүй сэн.
Харин одоо түүний нэртэй миний мөрөөдөл номын тавиуруудаар эгнэн өрөгдөж, өнгөрснөөс татан чангаах амьдралын минь гэрэл гэгээ дээврийн өрөөний харанхуй буланд тоосонд дарагдан хэвтэж буй.


Гэлээ ч...

Зүгээр дээ.

Бид дахин оролдоод үзэж болно.


Welcome
to
NEO ZONE.

#NeoZoneProject
#2020

©Arinann

𝘛𝘳𝘺 𝘈𝘨𝘢𝘪𝘯 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #1Where stories live. Discover now