Дугтуй дүүрэн өвөл. Өнөөдөр 2020оны 11 дүгээр сарын 13. Хэдэн өдрийг хичээлд дарагдаад лугшиж, буглаж үдэв... Сүүлийн хоёр хоног дусал, тариахан хийлгэж өөрийгөө тордоод ааш авир хүн төрхөндөө оров гэм. Гэхдээ энүүхнийг дуулгах гэж үзэг цаас нийлүүлээгүй юм шүү! Үнэндээ ямар ч шалтгаангүй... Бүр шалтаг ч байхгүй гээч.
Яг л би чамайг үргэлж сайхан ном шиг амтархан уншдаг хэрнээ амттайн учир шалтгааныг чинь олоогүй л яваа шиг.
Би угаасаа сонгодог захиа энэ тэр бичиж чадахгүй юм байна оо. Бичдэгээрээ л бичье.Сайн байна уу? хархүү минь
Салж нисээд удаагүй сээрэн нуурын шувуу минь
Зүүднээс өөрөөр очих боломжгүй алсад чи минь
Сайн сууж байна уу?
Хүний амнаас сураг сонсох нь ээ чамайг
Хүүхэд шиг сайхан сэтгэлтэй гэлцэх юм
Улс амьтны зарим нь гэтэл
Өөрөөсөө бусдыг боддоггүй гэх юм
Би ямар ингэхэд чиний доторхыг уншиж чадах биш
Бишгүй нууцлаг тэр газарт чинь хөл тавьж үзсэн ч биш...
Гэхдээ мэддэг юм шиг би тэдэнд харин
"Миний санахын шүлэг шиг л хүн байсан" гээд хэлчихсэн шүү
Нээрээ наад доторх газрын чинь
Нэрийг сэтгэл гэдэг юм уу?
Зурагт, радиогоор гардаг шиг эсвэл
Зүрх гэдэг юм уу?
Хөлөөр хүрж, нүдээрээ би
Харж, барьж үзээгүй болохоор
Хөндий тэр газрын чинь тухай
Ганцхан чамаас л сонсмоор байна аа!...
Үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн
Өнгө өнгийн цэцэгнүүдтэй юу?
Эсвэл... Яг миний доторх шиг
Өнгөгүй саарал наймын тоотой юу?
Үнэхээр чухал, эрхэм хүмүүс чинь
Ээлж дараагаараа багтдаг гэх юм
Ингэхэд надаас бусад нь тэнд байдаг уу?
Нуулгүй хэлээч? гэхдээ чихэнд биш зүрхэнд!
Дотны хүмүүсээс чинь барааг нь сонссон болохоос
Дотоод алсад байх газарт чинь би үнэхээр очиж үзээгүй шүү
Шоолж битгий инээгээрэй
Шөнийн тэнгэр нь үзэсгэлэнтэй юу?
Урдуур нь ч болтугай алхаж үзээд
Уртаар нэг санаа алдах юмсан
Хойгуур нь ч болтугай зөрж өнгөрөөд
Хойноос нь ч хамаагүй ширтэх юмсан
Харах юмсан би чиний дотор байдаг бүүдгэр тэр тэнгэрийг
Хүрч үзэх юмсан түүнд нь байх үүлсэд
Сайхан тэр орон зайн талаар
Сургыг нь ч болтугай дуулгаач надад
Түүнд чинь
Цамц давхарласан арван нэгэн сар
Цас бид гурав багтдаггүй болохоор
Тэмдэг нэрээр илэрхийлж даанч чадахгүй нь уучлаарай...
Бичсэн бүхэнд минь хариулаад
Заавал хариу захидал бичээрэй
Тагтаанд ч хамаагүй дайгаад явуулаарай
Төв шуудангын дэргэд хүлээж байя.../Надад өөр хүн бодогдож сэрсэн цагт миний зүрхэн дахь чи үгүй болно./
Хүндэтгэсэн: Чамайг өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн.
YOU ARE READING
Чамдаа
RomanceЭнэ дэлхийн хамгийн гунигтай гурван зүйл юу гээч? Эргэж уулзахгүй хүн Эргэж ургаагүй цэцэг Эзэндээ очоогүй захидал... •Хаан Дарьт•