"Таагүй зүүд зүүдлээ юу? Эсвэл би сэрээчихсэн болохоор ярвайгаад байгаа юм уу?" тэр дээрээс минь харсаар санаа зовнингуй шинжтэй ийн асуух аж.
Би түүний асуултыг үл тоон аль хэдийн ирэх ёстой газраа ирчихжээ хэмээн бодсоор түүний мөрөөр давуулан харвал...
"Энэ манайх биш байна."
Тэр ч мөн миний хэлснийг үл тоон намайг өргөсөн чигтээ эргэж харан алхаж эхлэлээ.
"Намайг буулга." Би өмнө нь хүсэж байгаа зүйлээ хүсээгүй юм шиг аашлахдаа сайн гэж хэлсэн дээ.
Тэр алхсаар сараалжин төмөртэй цагаан хаалганы урд ирлээ. Хоёрхон хөл л орох гэж байхад яагаад том хаалга нь сүртэй гэгч нь дэлгэгдэн, тэр хавийн бүх гэрэл хамгийн тодоороо ассаныг мэдэх юм алга. Миний ичгүүр сонжуургүй аашилж байгааг хүн бүрт харуулах гэж байгаа юм шиг.
"Намайг буулгаатах гээд байна." Би энэ удаад хөл гараа савчингаа түүн рүү бүр хашгирч орхилоо.
Тэр бага зэрэг залхсан байртай над руу нэг харснаа өөрөө доош суун аяархан гэгч нь намайг буулгав.
Хөл минь хөшчихсөн эсвэл оршчихсон байсан учир би газар гишгэнгүүтээ тэнцвэрээ ололгүй багахан дайвснаа түүн рүү харан "Гэрт минь хүргээд өг гэж хэлсэн биз дээ?"
Тэр юу ч дуугарсангүй.
Гэнэт уур минь жинхнээсээ хүрээд эхлэв.
Би гарахаар буцан алхлаа. Зүгээр харих минь.
Тэр гараас минь татсан ч би хүчтэйхэн угзран тавиулчхаад цааш алхаж эхлэхэд тэр "Гэрт чинь очсон." гэх нь тэр.
Тэгвэл би яагаад энд байгаа юм бол оо?
Тэр намайг ярихыг хэсэг хүлээснээ өөрөө үргэлжлүүлэн "Бид очсон ч, нөхөр чинь яг машинаас буугаад гэр лүүгээ орж байсан юм. Би бие чинь өвдөөд шууд харьсан ч юм уу, чамайг тиймэрхүү шалтаг хэлэх байх гэж бодож байсан юм. Гэтэл чи араас нь орохоор- новш гэж, зүгээр л чамайг тийшээ оруулаад орхичихож чадахгүй юм шиг санагдаад өнгөрөөд явчихсан юм."
Тийшээ? Уг нь миний гэр юмсан. Бусад хүмүүст ч бас минийх биш юм шиг санагддаг бололтой.
Эхлээд би хүссэн, түүнтэй таарах юмсан гээд
Дараа нь би догдолсон, намайг ширтэж байхыг нь хараад
Тэгээд би алхсан, нөхрөө орхиод түүнтэй хамт
Түүний дараа би шивнэсэн, битгий гэрт минь хүргээрэй гээд.Бүгд минийхээр болсон.
Ингээд л уур минь хүрээд байгаа бололтой. Түүнийг гэрт минь буулгачхаагүй болохоор огтхон ч биш.
'Одоо хүссэнээ авах тусам дараа нь би илүү ихийг төлөх болно.' гэх ёрын бодол тархийг минь дүүргэчхээд секунд ч арилахгүй тамлаад байгаа болохоор.
Харамсалтай нь энэ үнэн.
Өнөөдөр инээснийхээ төлөө маргааш уйлж,
Өнөөдрийн сэтгэл илсэн үгс маргааш хадаас болоод зоогдоно.
Хайр хагацал болж, дурсамж харуусал болно.
Эцэст нь хүсэл минь тарчлаан дагуулдаг болохоор.Тохиолдох ёсгүй таашаалтай бүхэн тохиолдоод байгаа болохоор уур хүрээд байна.
Миний хувь тавилангаар бол би зовох гэж л жаргадаг.
"Одоо биш ч би өглөө очих л болно. Шөнө гэртээ ирсэн. Гэртээ ирж хоноогүй. Аль нь дээр сонсогдож байна?"
Тэр доод уруулаа багахан хазлан, үсээ хойш нь илсээр "Ойлголоо. Халуун юм уучихаад машинаар хүргээд өгье."
"Би уухг-"
"Чамд өгөх гээгүй. Өөрөө уух гэж байна. Их биш ч гэсэн виски уусан болохоор гаргах хэрэгтэй. Ядарч байгаа болохоор олон юм ярилгүй хэлснээр минь хийчих."
Тэр гараа халаасандаа хийн байшин луугаа алхаж эхлэлээ. Миний хүсэл тэнд байсаар л байгаа болов уу?
Өнөөдөр хэтэрхий удаан үргэлжилж байгаа тул би ч гэсэн үнэхээр ядарч байгаагаа анзааран дуугүй л араас нь дагалаа.
Найман ширхэг шатаар өгссөний дараа би бор хаалгаар даван түүний гэр лүү орлоо.
Түүний гэрт ормогц надад гэртээ ганцаараа, харанхуй бас хүйтэн шөнө толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд биеэ хумин доош шургаж буй мэт санагдсан.
Хөнжлөө сөхвөл хүйтэн агаар хамрын үзүүр дааруулж, юу ч оршин байж магадгүй харанхуй намайг цоо ширтэх ч нүдээ тас аниад хөнжилдөө шургачихвал бүрэн амьсгалж чадахгүй ч гэсэн дулаан мэдрэгдэж, хөнжил бүх талаас биетэй минь наалдаад, дуртай үнэр минь хааяахан үнэртдэг шиг. Түүний гэр надад тэгж санагдсан.
Тэгээд гэгээ ортол хөнжлөө сөхөхийг огтхон ч хүсэлгүйгээр нам унтдаг шиг эндээс ч бас гарахыг хүссэнгүй.
Гэгээ ортол эсвэл үүрд.