Өвлийн сүүлийн сар байлаа. Цас оролгүй арав гаруй хоносон болохоор газар харлаад хаа сайгүй шалбааг татсан харагдана. Гадаа цаанаа л бүүдгэр. Тэнгэр цэлмэж өгөхгүй өдөр хоногууд хар цагаан зураг шиг л сааралтаж өнгөрнө. Цонхны цаана энэ бүхнийг ажин суухад сэтгэл ямар хоосон гэж санана.Тэнгэрт нар нь үгүй өглөө өвөлд цас нь үгүй өдрүүдийг өвөрт хайр нь үгүй хоногуудаар үдэхэд хавар даанч хол, дэндүү хол доо.
Рина үргэлж суудаг өндөр сандал дээр нь урьд нь байгаагүй хөвсгөр зөөлөвч байхыг үзээд багахан гайхав. Цонхны дэргэд ч гэлээ салхи огт сийгэхгүй цэлгэр цонхны цаана нүцгэн модод, модон саравч, хуучирсан савлуур бас маш өхөөрдөм цасан хүн байсан ч одоо хайлаад гагцхүү малгай гэж өмсүүлсэн төмөр хувин л үлдсэн нь газарт хаягдаад удаж буй дүр төрх бүсгүйн нүдийг тэр гэх хаяггүй алсад үдэж орхив.
Цонхны тавцан дээр нар бараадуулж тавьсан шилэн вааран дахь ганц цагаан сарнай аль хэдийн алга болсон өнөөх цасан хүний араас гэлдэрч байгаа бололтой хэдэн ширхэг дэлбээ нь өөрийг нь тойроод унасаныг Рина сандал дээрээ тухлахаар зэхэхдээ анзаарав. Тэгээд байнга л хэрэглэдэг хэр нь цааш нь хийчихдэг зургийн аппаратаа аван хэд дэхь удаа нь вэ гэдгийг зөвхөн өөрөө л мэдэх тоог нэгээр нэмлээ. Түүний зургийн цомогт үлдэх бас нэгэн хатсан цагаан сарнай.
" Баярлалаа, их тухтай юм билээ "
Өдөржин цонх ширтэж суугаад үдийн нар талийхад л өндийсөн тэрээр өндөр сандал дээрх өнөөх хөвсгөр зөөлөвч рүү дохин хэлбэл түүнд ил биш ч үргэлж санаа тависаар байдаг нөхөр гэх нуруулаг залуу толгой дохин инээмсэглээд дэргэдүүр нь зөрж өнгөрлөө. Ойрхон зогсвол л үнэртэх хурц биш зөөлөн сүрчигнээс нь өөрөөр түүнд хүрэх түүний гэх зүйл үгүй болоод уджээ. Рина мэддэг ч ийм байдлаасаа гарахыг хүсдэггүй нь түүнийг биш өнөөх залууг л зовоох нь гунигтай.
" Чиний дуртай мөөгтэй шөл. Амтархан хооллоорой. "
Рина уур савсах аяга хоолоо нөхрийнхөө өмнө тавихдаа эелдэг намуухан дуугаар энхрийлэн хэлсэн ч энэ нь залуугийн чихэнд тэсгэм хүйтэн жавар шиг л чихийг нь хайрч хүрнэ.
" Хамт хооллохгүй юм уу? "
Өөрөөс нь дайжих мэт өрөө рүүгээ яарах бүсгүйн гараас татан асуухад Рина харц руу нь биш харин бугуйг нь атгах том гар руу харлаа. Танилцаж байсан үеийнх нь дулаахан гар өөрт нь хүрэхдээ анхных шигээ болгоомжилдог хэвээрээ аж.
YOU ARE READING
Kirīṭa
RomanceYou are the most beautiful red rose. The crown of all flowers and the queen of my heart.