Урьд шөнийн шуурга үүр цайхад тайвширч нэвсийтэл хаялсан цас нэгнээ дэрлэн хөвсийжээ. Дахиж будрахгүй болов уу гэмээр тогтуун өдрийн салхи буцлаа, дараа уулзъя гэх шиг даан ч дулаахан байлаа.
Хоёр аяга халуун кофе өөд өөдөөсөө хараад өчигдөр л хөрсөн сэтгэл өнөө бүлээцсэн бололтой хайр амтагдсан жигнэмэг халуунаараа ширээнд тухлав. Хаа нэг хийдэг хэн нэгнээс сурсан хайртынхаа дуртай жигнэмийг хөргөх гэсэндээ цаас аван сэвж зогсох залуу хамартаа гурил наачхаад тэрийгээ үл ажран бугуйн цагаа харна. Рина их унтдаггүй тул одоо мөдгүй сэрэх болжээ.
" Болсон эсэхийг нь шалгадаг байж уу? "
Өөртөө шивнэх аядан бувтнаад хөрж амжаагүй олон бөөрийнхий дундаас ирмэг нь ховхорчихсон нэгийг нь олон хазав. Царайг нь харахнээ голох үедээ л үрчийж орхидог хамар нь үл ялиг сарталзахыг бодоход халуунд харшсан шүд нь янгинасан уу эсвэл амт нь санаанд нь хүрсэнгүй юу ямартай ч нухацтай царайлжээ. Гэвч учирсан хөмсөг холын зайдаа алсрахыг бодоход идэж болмоор санагдсан бололтой өөртөө толгой дохисоор хормогчоо тайлан цааш алхав.
Рина амттанд дургүй хэр нь яагаад ч юм бор гурилаар хийсэн самрын үртэстэй жигнэмэгэнд нугасгүй. Харин Сан гурилан бүтээгдэхүүнд хэзээний л таатай байгаагүй ч Рина түүнд зарим талаараа нөлөөлсний үр дүнд өдгөө тэрээр гурил зууран гурван настай хүүхэд шиг нүүр болон хормогчоо бохирдуулчхаад зогсож буй.
Цоргоноос ус гоожих чимээ нам гүмийг эвдэж удалгүй цагийн зүү л чаг чаг гэх дуулдана. Сан нойтон гараа арчих алчуур эргэн тойрноосоо хайсан ч олсонгүй. Түрүүн шарах шүүгээнээс жигнэмэгээ гаргачхаад буцааж хийхдээ алчуураа дотор нь хийгээд хааснаа санасангүй бололтой гараа өмдөндөө нэг үрчхээд ширээнийхээ ард суулаа. Хэдэн минут үргэлжлэх нь үл мэдэгдэх хугацаанд тэрээр кофеноос савсах ууранд нэг дөхөн буцан холдож цаг нөхцөөнө. Эхнэрээ л хүлээж буй аж.
Нэг тийм хайнга залуу. Хайнга хайнгадаа хачин залуу. Угтаа бол ухаалаг, намбалаг, уужуу нэгэн ч ажаад ирэхээр алдаа дутагдал нь ар араасаа цувах жингийн цуваа шиг. Үнэндээ тиймийн тулд " төгс " үг үг төдий биз ээ.
Аа, үгүй байж мэднэ! Үг үндэстэй гэдэг. Магад төгс гээч нь алдаагүй байхыг биш алдаа нь алган дээр хар бараанаараа, гэрэл гэгээтэйгээ ар өвөргүй ил цагаанаараа, нүв нүцгэнээрээ байхыг хэлж байж мэдэх юм. Тиймдээ тэр " төгс " буй.
YOU ARE READING
Kirīṭa
RomansaYou are the most beautiful red rose. The crown of all flowers and the queen of my heart.