Хаа нэг тохиолддог хахир хүйтэн шөнө байв. Харанхуйд сүүмэлзэх бөгтөр бухал шиг бөгтийн суусан бяцхан охины гар нь бээрсэн бололтой үе үехэн " хо " хэмээн үлээх нь бүдэг дуулдах бөгөөд доороосоо жиндээд байрандаа үл тогтоно. Цонх алгадах цасан шуурга чангарах тусам охин даарсандаа давхарлаж өмссөн хамаг дулаахан хувцсандаа лав шигдэн чичирч байлаа.Хананд өлгөсөн хуучин цаг шөнө дундыг заана. Охин ганцаар үлдэхэд балчир авч тэр аль алга дарам насандаа л хаа нэгтээ уяатай хоцорч үлдээд сурсан байв. Одоо бага ангийн сурагч гэхэд тэр хавь том болсон сэтгэлтэй мөн сэтгэхүйтэй аж.
Салхи ширүүсч цас шуурсаар. Байшингийнх нь дээврээс гулсаж зүүгдсэн нимгэн төмөр чанх дээр нь цан дэлсэж нүсэр чимээнд нь охин нойроо дийлэлгүй бүүвэйлэгджээ. Гэтэл зүйрмэглэх төдий зүүдэн дунд нь дасал болсон дуу давхийтэл нь цочоож орхив.
Гадна хаалганы тас хийх чимээ огло харайтал нь айлгаж тэрээр цонхныхоо сэмэрхий хөшгийг үл ялиг яран шагайвал зүс таних нэгэн наашилж яваа харагдлаа.
Жийрхэм. Үнэр нь хүртэл жихүүцэм. Ер өөрт нь гэмгүй ч сэм ширтэж таардаг зэвхий харц нь зэвүүцэм.
" Чи байна уу? Хаалгаа тайл! "
Дотрыг нь яран доошилж буй айдас гүнээсээ гадагшилж гудсанд нэвшлээ. Дулаацаж дийлээгүй бие нь хөлсөндөө нортлоо хөлөрч шигдээд л байвал нуугдчих юм шиг нурууг нь нухах буланд бүх л чадлаараа наалдан суув. Дөнгөн данган тогтоосон муухан хаалганы цоож хаалга татах болгонд хатавчнаасаа сугарна.
Салхи улам ширүүсэж цас хуйлран шуурсаар. Ая даахгүй түгжээ мултарч аварга сүүдэр урдаас нь тусахад охин нүдээ тас анив. Хөлийн чимээ ойртож хахир дуу наашилсаар ...
" Дррр-Дррр~ "
Даавуугаа дэвттэл хар дараад халуундаа дэмийрэх тэрээр сэрүүлэгнийхээ дуунд үргэн сэрлээ. Нулимснаас нь зуураад тавиагүй зүүд сэтгэлээс нь чангаагаад арилаагүй дурсамж хар хөлс нь цувтал хамаг цус нь царцтал айлгасанд тэр хэд дэх удаагаа сэрүүлэгтээ талархнаа үл мэднэ. Сэрье гээд сэрчихдэггүй зүүд мартъя гээд мартагдчихдаггүй өнгөрсөн нь хоёр бөөрөн дээр нь тухалчхаад өрцийг нь өвдөглөн өшиглөх шиг тэр одоо ч тайвширч чадсангүй.
Уруул нь хатаад учиргүй цангасан тэрээр дүйнгтэн өвдөх толгойгоо барисаар өндийн балга ус олж уув. Тэгээд сэргэх гэсэндээ тосгуур дүүртэл хүйтэн ус тосоод толгойгоо дүрэн амьсгалаа түгжлээ. Даанч дотор нь онгойсонгүй.
YOU ARE READING
Kirīṭa
RomanceYou are the most beautiful red rose. The crown of all flowers and the queen of my heart.