Just a moment

70 23 3
                                    


Үүрээр бороо шивэрчээ. Үүрэглэн байсан сар сая нэг сэрж сэмжин үүлэнд дайгдан улбар тэнгэрт уусч одоход зүйрмэглэх зүүдлэхийн дунд сэвэлзэн байсан бүсгүй орноосоо өндийв. Ханасан эсвэл эс ханасаныг үл мэдэх нойроо үдэн нэг эвшээчхээд хөшиг татвал нойтон зам, норсон модод нарны илчийг хүлээн найгаж байлаа.

- Аль хэдийн орчихжээ.

Тэрээр үл ялиг дурамжхан инээмсэглэл тодруулсан ч удалгүй томоор мишээв. Утасныхаа камерыг нээн замын цаана булан бараадан ассан гудамжны гэрлийг тааруулан дараад зурвас болгон илгээхдээ улаан үстийг өдийд унтаж л байгаа даа хэмээн таамаглалаа. Гэвч динг хэмээн дуу гарч гарт нь чичирхийлсэн утсанд хариу ирэх нь тэр.

- Анхны бороог алдчихлаа.

Гуравхан үг хэлхсэн ч гучин үгийн дайтай сэтгэлд нь Минжон гурван мянган үгийн дайтай гурван үг илгээжээ.

- Алдаагүй ээ, алганд минь байна.

Бороо ороход сэрсэн үү, сэрүүн байхад нь орсон уу ямартай ч Минжон алган дээрээ тоссон хэдэн дусал борооны зургийг хавсаргасан байх ба араас нь " Аяга кофегоор дайлъя " гэсэн нь Ринаг хөл дээрээ дэвхцэн эгээ л жаахан охин шиг хөөрцөглөн баярлахад хүргэв. Тэрээр тэр дор нь зөвшөөрсөн хариу илгээчхээд угаалгын өрөө рүүгээ бүдчих шахам гүйн одлоо. Ингэхдээ нүүрэнд нь тодорсон инээмсэглэл тэндээ тэгээд наалдчихсан аятай арилахгүй байхаар зогсохгүй мөд хацар нь чилж уруулынх нь үзүүр чихээ шүргэх нь үү дээ гэлтэй улам улам томрон тодорсоор байх аж. Хэзээ ч ийм жаргалтай хэр нь тийм сайхнаар инээмсэглэж байгаагүй байх. Хоромхон зуурын жаргал байсан ч хамаагүй, үүлэн чөлөөний нар байсан ч яахав энэ хоромд түүнээс болж инээх нь л өөрөө ханаж цадам жаргал аж.

Нэг л жаргалтай болчхов. Хаана ч билээ сонссон хайрын тухай дуу хэзээ ч билээ үзсэн романтик киноны дүрс тархинд эргэлдэж зүрхэнд хөглөгдөнө. Хөөрхөн өөрийгөө хэд ч тольдов, хэчнээн ч эргэлдэв. Нэг уншсан зурвасаа нэг бус удаа нээж нэгэнт товлосон болзоогоо нэгээр тогтохгүй нэхэж уншив. Нэг л жаргалтай, нэг их жаргалтай мөч ...

Нар манджээ. Ирдэг болоод удсан танил кафе тансаг үнэр Ринаг угтав. Минжон үргэлж цагтаа ирдэг шигээ Ринаг хүлээн өнөөх л өтгөн гашуун кофегаа тамшаалан таашааж суух юм.

Рина: Эрт иржээ, дахиад л.

Минжон: Чи хүлээхийг хүсч байгаа бол дараагийн удаа би албаар хоцоръё.

KirīṭaWhere stories live. Discover now