ЗУРГАА: ГАНЦААРДАЛ.

3.8K 354 1
                                    

  Жин надад юу ч хэлэлгүй явчихсан. Би түүнээс шалтгааныг нь асуумаар, уурлаж, муухай хармаар байгаа ч одоо нэгэнт алга. Одоо надад хэн ч алга. Хаврын урь орж, далайн салхи хүйтнээр үлээсэн энэ жижигхэн арал дээр би яг л хаашаа ч нисч чадахгүй торон доторхи шувуу шиг ганцаардаж байна.
*
Тэнгэрт хэсэгчлэн хөвөн үүлнүүд аажуухан хөвж, зуны үнэрийг тээсэн салхи дүрэмт хувцасны минь хормойг дэрвэлзүүлэн байх зуур би утсаа ширтэн зогсоно. Саарал өнгөтэй, дэлгэгддэг, өнгөт дэлгэцтэй миний утсанд үнэндээ дуудлага ирээгүй хичнээн удсаныг мэдэх юм алга. Гэхдээ би хамгийн сүүлд Жинээс ирсэн "одоо сайхан амраарай, чи өөрөө юу гэж боддогыг мэдэхгүй ч ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөр зүйлд сатааралгүй хичээлээ л хий, багшийн хувиар зөвлөж, эр хүний хувиар шаардаж байна"
Үхсэний чинь зорилго, хамаг юм бусниулж хаячихаад... би үнэндээ Жинийг алга болсноос хойш өдөр бүр энэ мэссэжний утгыг ухах гэж хичээж, бараг 100 удаа давтан уншдаг. Гэхдээ надад зорилго гэх зүйл хайгаад хайгаад олдсонгүй. 5 сарын эх гэхэд арлын энэ хотод зун хэдийнэ айлчилж байх шиг... далайн үнэр салхиар туугдан үнэртэж, би сургуулийнхаа дээвэр дээрээс доошоо хүүхдүүдрүү харна.
Тэд үнэхээр жаргалтай харагдаж байна. одоо би ахлах сургуулийн 2р ангид орсон ч гэлээ ирээдүйд яах тухайгаа үнэхээр мэдэх юм байхгүй байгаа шиг эд нар ч бас тийм болов уу? эсвэл бүгд дор дороо нууцхан мөрөөдөлтэй болов уу?
Нүдэнд минь Тэхён туслаа. Тэр урьдынхаасаа хамаагүй нээлттэй болж, сургуульдаа олон найзтай болсон. Өөр ангид ороод хэдэн хөвгүүдтэй нийлэх болсон нь энэ хавьдаа л дэггүйд тооцогдох нөхөд байлаа. Одоо тэр өнөөх найзуудынхаа хамт сургуулийн урд дугуйтайгаа зогсож, чангаар юм ярин, тас тас хөхөрч, том амаа дарвайтал инээд алдаж байна. тэр үнсэлтээс хойш бид дахин хоорондоо ганц ч үг солиогүйгээр барахгүй тэр надруу бүр тоож ч харахаа больсон. Энэ нь надад яг л нэг найзаа алдчихсан юм шиг санагдаж нэг хэсэгтээ хоосон оргисон билээ. би түүнийг өөр шигээ л ганцаардмал нэгэн гэж боддог байсан ч одоо ингээд олон найзтай болчихсон инээд алдан явааг нь хараад яагаад ч юм бүр ихээр ганцаардах шиг санагдана. Удалгүй түүн дээр 3-р ангийнхан дунд сахиусан тэнгэр гэж дуудагддаг энэ арлын од охин болох Уёон очоод инээмсэглэн ярилцаж Тэхён түүнийг дугуйныхаа ард сундаллаад сургуулиас холдон явлаа. Уёон Тэхёны билхүүсээр гараа оруулан наалдан тэврэх нь тэднийг зүгээргүй болохыг илтгэх шиг болж би ч түүнээс харцаа салган тэнгэр өөд харвал нар маш хурцаар шарж байтал үүл түүний урдуур орон халхалж эхлэв. Миний утас 2004 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын утас учир зураг авч болдог байлаа. Би ч утсан дээрээ маш их зураг авдаг байсан юм. Тэгээд тэнгэр өөд утсаа чиглүүлэн тэрхүү үүлэнд далдлагдан буй нарны зургыг дарлаа.
*
Өдөржин номын санд суусны эцэст харихаар гартал гадаа хэдийнэ орой болчихсон байх нь тэр. Би дугуйгаа унан гэр хүрэх өгсүүр замаар явж байгаад замд байдаг жижигхэн дэлгүүрийн үүдэнд дугуйгаа орхиод дотогш орон соруултай ундаа аваад гарч иртэл үүдэнд Тэхён болон түүний найзууд ирчихсэн инээлдээд зогсоцгоож байлаа. Тэдний дунд нөгөө Уёон гэх охин ч бас байв. Тэхён надруу харсан ч хараагүй мэт царайлан тэд үргэлжлүүлэн ярилцсаар... би ч нэг их ач холбогдол өгөх гэсэнгүй, дугуйгаа аваад цааш эргээд дөрөөгөө жийх гэтэл чөтгөр алгадмар гэж, гинж нь мултарчихсан байлаа. Хойхно талд тэд нар инээлдээд зогсож байхад дугуй минь эвдрэх гэж... арай ч дээ. Гинжийг нь буцаан оруулах гэж дэлгүүрийн цонхоор тусах гэрэлд оролдон байх зуур миний дэргэд нэг хүн ирээд хажуунаас надад тусалж эхлэв. Би түүний нэрийг мэдэхгүй ч Тэхёнтой хамт байнга явж байдаг хүү учир шууд л таньж байсан юм.
Би: хэрэггүй дээ-
...: энэ нэг их хэцүү биш ээ. Түр хүлээж бай.
Түүний үгс зүгээр л найзтайгаа ярьж байгаа юм шиг хээгүй, энгийн сонсогдов. Удсанч үгүй тэр миний дугуйны гинжийг буцаагаад араанд нь хийчихлээ. Тэгээд миний дэргэдээс босоод нөгөө хэдрүүгээ шуудхан явчихад би түүнд баярлалаа ч гэж хэлж амжсангүй. Харин намайг эргэн харах үед Тэхён надруу харж байгаатай харц мөргөлдөв. Тэдний дунд миний тухай яриа өрнөнө. "таньдаг юм уу?" "үгүй ээ, зүгээр л тусласан юм" "энэ чинь нөгөө өнгөрсөн жил улирч орж ирсэн охин биз дээ" "тэхён аа, та 2 нэг ангид байсан биз дээ? Энэ ямархуу хүүхэд юм?" "мэдэхгүй ээ, харьцдаггүй"...тэднийг ийн ярилцах зуур би дугуйгаа унан тэднээс холдож эхэллээ.
Тийм дээ, Тэхён бид 2 одоо харьцдаггүй, найзууд ч биш юм хойно түүний юу гэх надад ямар хамаа байхав... гэсэн ч надад тэр хэд хэдэн цоо шинэ зүйлсийг мэдрүүлж, амьдралд минь хэсэгхэн зуур ч болов өнгө нэмсэн болоод тэр үү би түүнийг одоо болтол найз гэж тодотгон бодоод байх шиг...
*
Зуны амралт эхэллээ. Жин яваад бүтэн 4 сар өнгөрчихөж... хуанлийн хуудсыг харвал түүнийг явснаас хойш яг 121 өдөр өнгөрчээ. Би маш их санаж байна. гэхдээ одоо би яавал түүнтэй уулзаж чадах юм бэ? Хаана, юу хийж явааг нь ч мэдэхгүй түүнийг би хүлээх ёстой байх тийм үү? Түүний үнсэлтийг санан уруулдаа гараа шүргэх зуур эмээ миний өрөөнд орж ирээд "охин минь, чи яваад загас аваад ирээч, орой загасны шөл хийе" гээд мөнгө атгуулав. Ханын цаг 4-г зааж байлаа.
Эргийн ойролцоо байх нил загас үнэртсэн захаас өнөөдөр шинээр баригдсан 2кг орчим том загасыг амьдаар нь уутанд хийлгэж аваад гэрийн зүг алхах зуур гартаа барьсан зайрмагаа долооно. Далайн эрэг дагасан засмал замыг даган алхах зуур нүдэнд минь өндөр хадан хясаа алсаас сүүнэглэн харагдаж, хясааны үзүүрт нэгэн эрэгтэй хүн зогсож үзэгдлээ. "Жин" гэж амандаа үглээд би хясааны зүг хар хурдаараа гүйв. Гадаа үүлтэй, удалгүй бороо орох гэж байгаа мэт үе үе салхилан, шилбээр татасан урт юбка минь хөлд тээр болж байсан ч би тэр хүнийг "Жин" гэж итгэсэндээ хамаг хурдаараа хясааны зүг гүйсээр байлаа. Арай хийн хясаан дээр ирэхэд сулхан боосон байсан үсний минь боолт хаана хэзээ гэдэг нь үл мэдэгдэн тайлраад үс минь салхинд хийсэн арзайж байв. Цаашаа харан зогсох хар цамц, хөх жинсэн өмдтэй тэр хүн намайг ардхан нь... ихдээ л 3 митр зайтай ирэх хүртэл анзаараагүй ч миний амьсгаадах чимээнээр эргэн харлаа.
Жин биш,... Тэхён
Тэр гараа халааснаасаа аваад надруу өнөөх л хоосон, хар нүдээрээ дүрлийтэл ширтэнэ. Үсийг нь салхи хийсгэх тэр удаан хугацааны дараа надруу ам нээлээ.
Тэхён: ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?
Би: чи энд юу хийж байгаа юм?
Тэхён: би эхлээд асуусан.
Би:... одоо чи намайг үзэн яддаг болчихсон юмуу?
Тэхён: би яагаад тэгэх ёстой гэж?
Би: асуултыг асуултаар хариулахаа больчихож болохгүй юу?
Тэхён: намайг Ким багш гэж бодсон уу?
Үгүй гэж хэлмээр байсан ч худлаа хэлж чадахгүй зүгээр л чимээгүйхэн гартаа байх тогтоо загасыг харан зогсоно.
Би: манайд очиж загасны шөл уумаар байна уу?
Тэхён: амттайг хийх юм уу?
Би: манай эмээ их сайн тогооч. Залуудаа рестораны ахлах тогооч байсан гэсэн.
Тэхён: би өөрийгөө найз гэж танилцуулж чадахгүй шүү.
Тэр ингэж хэлээд миний хажуугаар зөрөн багшийн байшингийн үүдэнд орхисон байсан дугуйныхаа дэргэд очоод надруу эргэн харах хүртэл би түүнрүү ширтсээр л байлаа.
Тэхён: явахгүй юм уу?
Би түүнрүү толгой дохиод ард нь очин сундаллаад хөдлөх үед нь суудлынх нь араас барин явлаа. Тэр Уёон гэх охин шиг билхүүсээр нь гараа оруулан эрээ цээргүйгээр тэврэн наалдахыг хүссэнгүй.
*
Тэр манайд хоол идээд гарах хүртлээ эмээгийн асуултанд тайван хариулан, нэг их инээд алдаагүй ч үе үе инээмсэглэн ярилцаж байлаа. Гэрээс гарч ирэх үед гадаа хэдийнэ харанхуй болчихсон байв. Би түүнийг хашааныхаа үүд хүртэл гаргаж өгөхөд тэр дугуйндаа суугаад баяртай ч гэлгүй цааш явчихлаа. Намайг ардаас нь харж хэсэг зогссоноо буцан эргээд гэрлүүгээ орох гэж байтал нэрийг минь дуудах сонсогдов.
Тэхён: Жи Юүн!
Эргэн харвал тэр эргээд манай үүдэнд ирчихсэн зогсож байна. би үүднийхээ довжооноос буцан түүнрүү харлаа.
Тэхён: чи ганцаардаж байна уу?
Түүний асуулт намайг яагаад ч юм уйлуулах шахав. Хашааны үүдэнд байх гэрэлд түүний надруу харах төрх нь үзэгдэнэ. Уруул нь бага зэрэг ангайж, нүд нь өнөөх л хоосоноороо биш яг л шөнийн тэнгэр шиг гялалзах юм.
Би: тийм ээ. Ганцаардаж байна.
Тэхён: би ч гэсэн.
Тэр дахиад юу ч хэлсэнгүй. Дугуйгаа жийн гудамж уруудан яваад өглөө. Энэ өдрөөс хойш би дахиад түүнийг харалгүй байсаар 9 сар болж зуны амралт дуусав.
*
Ангийн цонхоор гадагшаа ширтэн сууна. Миний суудал өөрчлөгдөж одоо би 1р салааны яг голд цонхон талд суух болсон. Гадаа тэнгэр харанхуйлан ширүүн бороо асгарч байлаа. Манай анги нэг давхарт байдаг учир цонхон доор тарьсан цэцэгсийн толгой надад харагдан, энэ яг л уран зохиолд гардаг дүрслэл шиг санагдана. Гэнэтхэн хажуунаас хэн нэгнийг намайг ёвроход гайхан харвал миний дэргэд суудаг охин надруу "багш дуудаад байна шдээ" гэж санаа зовсон байртай шивнэн, самбарын урд зогсох физикийн багш надруу маш ууртайгаар ширтэн, хөмхийгөө зуун байлаа.
Багш: Жи Юүн ингэж гиеүрч байхаар гарч сургуулийн хонгил угаа!!
Ангийнхан инээлдэж би дурамчхан босоод ангиас гарлаа. Цэвэрлэгчийн эд зүйлсээ хийдэг шүүгээнээс шалны алчуур, мод хувин зэргийг аваад 1 давхарын хонгилыг эхнээс нь угааж эхлэв. Гэхдээ энэ нь хичээлд суухаас илүү дээр ч юм шиг... дөнгөж угааж эхлээд 5 минут ч болоогүй байхад хажуу ангиас багшийн уурлах сонсогдож удалгүй хаалгаар Тэхён хөөгдөн гарч ирээд хонгилд гараа өргөн зогслоо. Тэр үнэхээр инээдтэй харагдаж байна.
*
Тэхён хонгилруу харсан цонхны дэргэд 3р салааны хамгийн ард суун, уйтгартай уран зохиолын хичээл сонсож байтал Юүн гарч ирээд хонгилыг угааж эхлэв. Тэхён хэсэг гайхан харснаа гараа дээш өргөлөө.
Багш: за Ким Тэхён.
Тэхён: багшаа би гарч хонгил угааж болох уу?
Багш: юу гэнээ?
Тэхён: гэнэт хонгил угаамаар санагдаад. Хичээл үнэхээр уйтгартай байна.
Багш минчийтлээ уурлан, түүнрүү шохой шидээд ангийн үүдэнд гараа өргөөд зогс хэмээн зандарлаа. Гэсэн ч Тэхён санасандаа хүрч ангиасаа гарав.
Түүнийг хэнэггүй царайлан гараа өргөж зогсох зуур Юүн нааш цааш шалны модоо түрэн гүйж байлаа.
Тэхён: хөөе гээд урдуур нь өнгөрөх Юүний гарнаас барин зогсоов
Юүн: яасан?
Тэхён: гадаа бороо орж байна. чи хөл бөмбөг тогломоор санагдахгүй байна уу?
Юүн: галзуурчихаа юу? тэгээд ч би шийтгүүлж байна.
Тэхён: тэгээд? Дахиад шийтгүүлнэ л биз. Асуудалд орох тэгтлээ дургүй байгаа юм уу?
Ёжлон хэлсэн түүний үгийг сонсоод Юүн уруулаа хазлан муухай харахад нүд нь гэрэлтэж байлаа. Энэ охин үнэхээр мангар шүү, жаахан өдөхөд л хангалттай. Гэхдээ түүний нүд үргэлж л ингэж шудрага бусаар гэрэлтэх юм.
*
Тэхён бид 2 сургуулийн хөл бөмбөгийн талбайд гарч ирэхэд бороо аймшигтайгаар орж байлаа. Тэгсэн ч Тэхён түүнийг үл тоон бөмбөгөө өшиглөн надруу дамжуулав.
Би: мөрий тавих уу?
Тэхён: чи юугаар мөрийцмөөр байна?
Би: би хожвол чи надтай найзууд бол.
Тэхён: би хожвол?
Би: чи надаар хүссэнээ хийлгэж болно.
Тэхён харин хариу хэлсэнгүй, инээвхийлээд надаас бөмбөг булаахаар гүйн ирлээ. Бид 2 хар усан борооноор бөмбөгөө хөөцөлдөн баахан гүйлээ. Тэхён бараг гоол оруулах дөхөж, хаалганы дэргэд ирсэнээ гэнэтхэн зогсож орхиход би тэр боломжийг ашиглан түүнээс бөмбөгийг булааж аваад хаалгаруу өшиглөж орхиход гоол орлоо. Би баярлан дээш 2 3 удаа үсрээд бороонд норсон үсээ нүүрнээсээ холдуулаад түүний өмнө очин зогсоод инээмсэглэхэд тэр надруу харин гараа сунгав.
Тэхён: одооноос тэгвэл буцаад найзууд уу?
Би: тэгж л бодож байна гээд инээмсэглэн түүний гарнаас атгалаа.
*
Ганцаардмал өдрүүд минь бага багаар Тэхёнд уусан алга болж байх шиг... өвөл болоход энэ хот дахиад л цасанд дарагдлаа. Тэхён бид 2 цасанд дарагдсан ой дундуур алхсаар модны захад ирэхэд цэлийсэн цагаан тал угтан авав. Гадаа нартай цэлмэг өдөр энэ газарт ямар ч чимээ үл сонсогдож байлаа.
Тэхён: цасан хүн хиймээр байна уу?
Би: тэгье ээ. Хэн нь илүү томыг хийхээ үзэх үү?
Тэхён: болж байна.
Бид 2 баахан цасан хүн хийж гараа бээртэл цас бөөрөнхийлөв. Тэхёных минийхээс хамаагүй том болсон байлаа. Бараг л миний өндөртэй зэрэгцэхүйц тэр цасан хүндээ Тэхён "ПАБУ" гэдэг нэр өгөөд өмсөж явсан малгайгаа өмсгөв. Харин би хажууд нь өөрийнхөө шилбээр татах хэмжээний жижигхэн цасан хүнрүүгээ гомдонгуй харан зогсоно.
Би: больёоо. Чи яллаа гээд аргашаа цасан дээр тэрийн хэвтээд хөл гараа савчуулан цасан дээр сахиусан тэнгэрийн ором гаргахад Тэхён ч бас дагав.
Бид хэсэг хугацаанд чимээгүйхэн тэнгэр ширтэн хэвтэх зуур амьсгалын цагаан уур агаарт замхран үзэгдэнэ.
Би: Тэхён аа
Тэхён: мм?
Би: чамд мөрөөдөл байгаа юу? зорилго ч юм уу?
Тэхён: байгаа.
Би: юу юм?
Тэхён: эмч болох. Гайхалтай сайн эмч болоод маш олон хүний амийг аврах болно.
Би: чи юу даа? Хичээлээ ер нь хийдэг юм уу?
Тэхён: чи ч намайг мэдэхгүй л дээ. Нэг хоосон толгойт л гэж бодож байгаа биз
Би: гэхдээ чи намайг бодвол биелэхгүй ч гэсэн мөрөөдөлтэй юм.
Тэхён: хөөш гэж уцаарлангуй хэлээд надруу цас шидэхэд нүүрийг минь онов.
Би: ааа-
Тэхён: харж л байгаарай. Би заавал эмч болно.
Би: аааааааааа. Чамд бүр атаархчихлаа. Харин надад мөрөөдөл байтугай ирээдүйдээ бодсон ч зүйл алга.
Тэхён: хугацаа байна. сайн бодоод үз. Хиймээр зүйл гараад л ирнэ.
Би түүнрүү хэсэг чимээгүй ширтэж байгаад буцан тэнгэр өөд харлаа. "бодоод үзэх юм биз дээ?"
*
Өрөөндөө ширээнийхээ гэрлийг асаан хажуудаа байх хөгжимийг асаахад намуухан ая эгшиглэнэ. Шургуулганаасаа өдрийн тэмдэглэлээ гаргаж ирээд үрэгдэж үрчийгээд нулимсанд минь норж хорчийсон хуудсыг дэлгэлээ.
"би Жинд хайртай" хуудсыг хурууныхаа үзүүрээр зөөлхөн илбээд Жиний төрхийг сэтгэлдээ ургуулах гэж хичээлээ. Өтгөн хөмсөг, бор үс, өндөр хамар, булцгар уруул, шовхдуухан ирүү, дөлгөөхөн инээмсэглэл... гэхдээ яагаад бодох бүрт түүний тухай сайхан дурсамжнаас илүүтэйгээр санан уйлж байсан үеүүд минь сэтгэлд буугаад байгаа юм бол...
Гэнэтхэн бодолд минь нэгэн зүйл харван орж ирлээ... шуудхан номын тавиуруудаа ухсаар их сургуулиудын танилцуулга хуудас бүхий сэтгүүлийг гаргаж ирээд хайж эхлэв. "СӨҮЛИЙН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ" би хуудсыг удаан гэгч нь анхааралтай уншлаа.  

МИНИЙ АНХНЫ ХАЙР ДУУССАН)Where stories live. Discover now