3170

2.5K 119 5
                                    


Сөүл хот, Чонёондун. Содэмуны хорих газрын гаднах гудамж талбай чимээ аниргүй. Гутлын товор товор гэх чимээ хүртэл сонсогдох аж. Яаралгүй алхах нэг хэвийн чимээ гэнэт хурдлан гүйх нь мэдэгдэж, булан тойроод саяын чимээний эзэн гарч ирлээ. Залуухан бүсгүй цагаа харан гүйсээр хорих газрын хаалганы өмнө ирээд зогслоо. Үүдний харуул бүсгүйн хэрэг зоригийг асуугаад орж болно гэж дохив. Том төмөр хаалга удалгүй онгойж бүсгүй амьсгаа аваад дотогш орлоо.

Энэ эмэгтэйг Гу Хэгё гэдэг. Одоогоор түүнийг тодорхойлохын тулд яах гэж энд ирснийг дурдах шаардлагатай болно. Товчхондоо тэр бол сайн дурын ажилтан бөгөөд энэ хорих газарт хүмүүжлийн ажлаар ирсэн юм. Өнөөдөр бол түүний анхны өдөр. Өглөөний арван цаг гэхэд энд ирэх ёстой байсан ч ирэх ёстой цагаасаа арваад минут хоцорсон тул бусад сайн дурын ажилтнууд түрүүлээд оржээ. Тэрээр одоо ганцаараа энэ айдас төрүүлэм газрын хашаа руу орон алхаж байна. Эргэн тойронд нь хүн харагдахгүй байгаа нь улам жихүүдэс хүргэнэ. Тэгээд тэр дахин нэг хаалганд тулж ирлээ.

Харгалзагч түүнийг зогсоогоод,

-Хүмүүжлийн ажилтан уу?

-Тийм.

-Та хоцорчээ дээ. Хамтрагч нар чинь аль түрүүн орчихсон.

-Х-харин тийм бололтой.. хэмээн бага зэрэг сандрангуй хэллээ.

-За та гараа алдлаад зогсоорой.. гээд биеийг нь мэдрэгчтэй төхөөрөмжөөр тойруулан шалгана.

-За боллоо. Ороорой.

-За баярлалаа.

Дотор дахиад л хэд хэдэн хаалгатай таарсаар эцэст нь нэг өрөөнд орлоо. Дотор нь дүүрэн хоригдол үзэгч аятай суусан байх агаад тэдний урд түүний багийнхан зогсон юм ярина. Тэр багт багш, эмч, пастераас авхуулаад тогооч, сэтгэл зүйч бас Хэгё шиг ийм ажлын туршлагагүй энгийн хүмүүс ч байх бөгөөд нийт арваад хүн ирсэн байлаа. Багийн ахлагч гэх нэгэн эмэгтэй өөрийгөө болон бусдыгаа танилцуулж юу хийх, энд ирсэн зорилгоо танилцуулна. Хэгё анхаарал татахыг хүссэнгүй сэмхэн ороод хүмүүсийн ардуур орон зогслоо.

-Бид та бүхэнд энд хоригдож байх хугацаанд чинь хүмүүжил боловсрол бас нийгмийн талаар багахан чадвар олгох үүднээс ирсэн юм. Та нар хэдий энд эрх, эрх чөлөөгөө хасуулан ял эдэлж байгаа ч хэзээ нэг өдөр гарах үедээ нийгмээс тусгаарлагдсан байдалд орохгүйн тулд, мөн ялаа ухамсарлан бүрэн хүмүүжсэн иргэн болж гарахын тулд бидний тусламжийг авах хэрэгтэй. Бид та бүхэнд бүх талаар тусалж дэмжих болно. Сэтгэл зүйн зөвлөгөө, бусад эмнэлгийн үйлчилгээг үзүүлнэ. Бас бусад төрлийн хичээлүүдийг орох болно. Харин та нар харгалзагчийн хамт өдөр бүр энэ өрөөнд ээлж дараагаар ирж байна. Мөн өөр өрөөнүүд ч бас байгаа учир бүх хоригдол хамрагдана гэж найдаж байна..

Defendant(Completed)Where stories live. Discover now