Тэргэл сартай шөнө тэрлэж өөртөө бичсэн шүлэг

156 3 0
                                    

Тэгээд
Дахиад л чи гуниж сууна уу?

Хүрч чадахгүй ч мөрөөдлөөсөө зууран
Хүний арьсан дор өөрийгөө хууран
Очиж үзэх хүсэлдээ живж
Одоо байгаа юуг ч харалгүй сохроо юу?

Тэгээд л чи
Дахиад гуниж сууна уу?

Өнгөрсөн ирээдүйн хаанаас ч
Эрсэн үл олдоно гэдгийг
Өр зүрх чинь хэлээд байхад
Өөрийгөө хэмлэн мөлжсөөр л байна уу?

Тиймийн учраас л чи
Ахин дахин гуниж сууна уу?

Хэлэх үгсээ хав дараад
Хэнд ч үл итгэн өөртөө л найдаад
Үнэтэй бүхнээ өвөртөө далдалчихаад
Өр зүрхнийхээ гүнд уйлсаар л байна уу?

Тэгээд л... Тэгээд л чи!
Тэсвэр тэвчээрээр арьсаа хуягласан ч
Тэнгэр газраас өөрийгөө чөлөөлсөн ч
Тэсэхийн аргагүй шаналан сууна уу?

Тэгвэл чи босох хэрэгтэйдээ найз минь.
Босох л хэрэгтэй

Тэгээд сайхан орилчих
Тэнхээгээ тасартал хашгираад өг!
Дотор цугласан бүхнээ
Дэлхий ээждээ сонсогдтол бархир!

Архидан согтуур!
Арзайтлаа инээ!
Анд нөхөддөө бүх үнэнээ хэл
Айдас зовлон гуниг гутарлаа бүгдийг нь хэл

Хэлэх гэж л хэл заяасан болохоос
Хамхих гэж лав заяагаагүй
Зовлон жаргалаа хуваалцах хүнийг найз гэдэг болохоос
Зоос зээлэхдээ л залгадаг хүнийг лав хэлэхгүй

Тийм болохоор яриад л бай! Яриад л бай!
Тэр энэ гэлтгүй бүгдийг нь ярь!
Нулимсаа асгартал яриад л бай! Яриад л бай!
Нууж хаах үггүйгээр бүгдийг нь ярь!

Чагнах хүнгүй гэж бүү бодоорой
Сэтгэлээс гарсан үг бүрийг
Чихээрээ биш сэтгэлээрээ л сонсох учир
Амнаас унасан авиа бүхэн чинь
Ариун үнэн байхад л болно шүү.

Хмммн...

Тэгээд
Дахиад л чи гуниж сууна уу?

Д. Золбаяр 2018/03/03

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 03, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Нойргүй шөнийн нэргүй мөртүүдWhere stories live. Discover now