Хүлээлт

1K 94 12
                                    

16 насныхаа хавар би чамайг анх олж харж билээ. Чи минь тэгэхэд үсээ гялалзтал самнаад сургуулийн дүрэмт хувцсаа цэгцтэй гэгч нь өмчихсөн байсан нь үнэхээр дур булаам харагдсан юм. Анхны дурлалаа чамаас л анх ингэж мэдэрсэн дээ. Даанч чи надаас олон насаар ах, өдөржин гэртээ суудаг намайг бодвол сургуульд явдаг байсан. Би үнэхээр их сэтгэлээр унасансан. Ядуу амьдралаа үзэн ядсан. Гэхдээ өглөө болгон цонхоороо чиний хичээлдээ явахыг харж, орой хичээлээ тараад ирэхэд чинь нууцхан догдолсоор зам дээр тоголж буй хүүхдүүдийн дунд ороод гэр лүүгээ ирэхийг чинь хараад миний бяцхан ертөнц жаргалтай болдог байв.

Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр би ч 17 нас хүрж чи цэрэгт явах болох нь тэр. Цэрэг татлагийн машины хажууд чамайг ээждээ үнсүүлээд, дүрэмт хувцас өмсчихсөн яг л шинэхэн оффицер мэт ёслоход миний толгойд ганц л бодол орж ирэв. "Би таныг цэргээс халагдаад ирэх хүртэл чинь хүлээх болно" гэж. Бас ... бас тэр үед магадгүй би таны сонирхлыг татахуйц эмэгтэй болно ....

Таныг явсны дараа сурсан зангаараа өглөө эрт босож таныг харуулдаж, орой нь ч бас хичээлээ тараад ирдэг байсан замаараа хүрээд ирэх болов уу хэмээн өөрийн мэдэлгүй хүлээдэг боллоо. Даанч та ирэхгүй ... Аав минь намайг япон цэргүүдээс их нуудаг тул сар болгон л үсийг минь богиносгож, эрэгтэй хувцас өмсгөн, яалт ч үгүй томроод байгаа хөхийг минь даавуугаар даран боодог байсан юм. Япон цэргүүд Солонгос эмэгтэйчүүдийг хэрхэн зовоож байгааг аав хараад өдөр болгон зүүдэлдэг тухайгаа хэлсэн. Эхэндээ нэг их тоогоогүй ч өдөр ирэх тусам гудамжаар явахаас айдаг байв. Аавын минь нас дээр гарч, Япончуудын хуаранд ажиллах нь багасаж бүр мөсөн гэртээ сууж эхэллээ. Тиймээс насан өндөр гарсан ээжийгээ ажил хийлгэхгүй нь тулд би ажил хийж эхэлсэн юм.

2 жил харвасан сум мэт өнгөрч таныг цэргээс халагдаж ирэх сургаар би үсээ ургуулж эхэлсэн. Тэгэхэд л хоолны газрын эзэн авгай намайг эмэгтэй гэдгийг мэдэж билээ. Аав намайг нөхөртэй болох цаг ирсэн гэж хэлсэн тул үсээ ургуулахад минь тийм ч их эсэргүүцсэнгүй. Гэхдээ болгоомжтой байхыг санууллаа. Үс минь бага багаар ургасаар дал шүргэдэг болов. Гэрээсээ гарахдаа өдөр болгон толинд харж толгойгоо хоёр тийш хөдөлгөн ургаж буй үсээ харж баясдаг байлаа. Ажил руугаа алхаж явахдаа дотроо таныг миний үсийг илэн, өхөөрдөж буйгаар төсөөлөн ганцаараа инээдэг байв.

Удалгүй цэрэг эрс халагдан, манай тоостой гудамжыг хэдхэн өдөр ч гэсэн бужигнуулаад авав. Өдөр өдөрт ирдэг цэргүүдийг ачсан ачааны машиныг хүлээн, амьсгаа даран бууж ирж байгаа залуусыг харуулдан сууна. Гэвч та ирсэнгүй. Хүмүүсийн ярианаас дам сонсохнээ сайн цэргүүдийг дайнд бэлтгэхээр авч үлдсэн хэмээх нь тэр. Яахаа ч мэдэхээ байв. Санаа алдан, гунигтайхан газар ширтээд ажил руугаа алхаж явтал сүүлийн машин хэмээсээр цэргүүдийг буулгадаг буудал дээр ирж зогслоо. Битүүхэн баярлан, найдлага тээсээр буудал дээр байгаа хүмүүсээс бага зэрэг зайдуухан зогссоор машинаас гарч ирэх залуусыг амьсгаа даран хүлээв. Цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдах аж. Машинаас бууж ирэх хүмүүсийн тоогоор зүрхний минь цохилт түргэсэж байв. "Буугаад ирээсэй ... буугаад ирээсэй" ... Машин буцан хөдөлгүүрээ асааж хөдлөхөд бэлдэж эхэллээ. Дахиад л дотор минь гуниг бүрхээд ирэв. Тэгтэл машин хөдлөхийн алдад цагаан арьс нь наранд түлэгдэн борлож, гялалзсан хар үсний оронд энд тэнд багахан өрвийх мөлчгөр толгойтой тэр минь буугаад ирлээ. Илүү эр хүн шиг болчихож ...

Crazy NotesWhere stories live. Discover now