Би санадаг юм чиний дулаахан тэврэлтийг. Юм л болвол хүн тэвэрч явдаг занг чинь мэдэх ч гэсэн зѳвхѳн намайг ингэж тэвэрдэг байгаасай гэж битүүхэндээ чамаас хүсдэг бяцхан хүсэл минь байлаа. Ахлах сургуулийн нэгдүгээр ангид шилжиж ирээд хамгийн түрүүнд чамайг олж харсан. Бага зэргийн махлаг, хар хүрээтэй нүдний шил зүүсэн хүүг. Бид тийм ч их харьцдаггүй байлаа. Угийн тэр үед чамтай ярих шалтгаан байдаггүй байсан юм. Би зүгээр л... зүгээр л ажиглах дэндүү дуртай тѳрлийн хүн байсан юм. Хүн болгоныг. Нэг нэгээр нь тойруулан ангийн хүүхдүүдээ ажигладаг байсан. Гэхдээ хэзээнээс гэдгээ мэдэхгүй ч нэг л мэдэхэд зѳвхѳн чамайг ажигладаг болчихсон байсан. Чиний инээхдээ гаргадаг хацрын хонхорхойд чинь би дэндүү дуртай байдаг байлаа. Бас сандархаараа дагзаа мааждаг чинь. Мэдэхгүй зүйлээ хийх болохоороо үзгээ амандаа зуудгийг чинь. Дуртай амттангаа идэхдээ нүдээ багахан аньдагийг чинь. Таалагддаг охиныхоо хажуугаар ѳнгѳрѳхдѳѳ үсээ арагш гараараа самнадагийг чинь. Би чиний үйлдэл бүрээс, үг бүрээс чинь чамайг уншдаг байлаа.
Ахлах сургуулийн дунд ангид ороход чи бид хоёр нэг ширээнд хуваарилагдсан. Бяцхан баярлах мэдрэмжээ таг нуун чамтай зэрэгцэн суухдаа зѳвхѳн хичээлдээ анхаарахыг туйлын их хүсдэг байлаа. Гэхдээ санаснаар ер болдоггүй байсан юм. Чиний хѳгжилтэй онигоо, зогсолтгүй ярианд чинь нэг л мэдэхнээ орчихсон хамтдаа инээлдээд суучихдаг байсан. Чи үргэлж л "Юнгияа" гэсээр л ѳглѳѳ болгон үхлийн царайтай орж ирнэ. Харин би ѳглѳѳ болгон л асуудаг асуултаа тавьна. "Яасан бэ? Бас л шѳнѳжин кино үзээ юу?" Чи кинонд хэтэрхий дуртай нэгэн байлаа. Киноны ганц л нэр хэлвэл түүний гарсан он, найруулагч, гол дүрийн жүжигчний товч намтар, бүр зохиолчийнх нь талаар хүртэл чи ам хуурайгүй чалчидаг байсан болохоор магадгүй миний мэргэжлээ сонгох болсон шалтгаан минь чи байж болох юм. Миний найруулсан киног чи үзсэн болов уу? гэж хааяа гайхширан боддог. Чи үзсэн болов уу?
Ахлах сургуулийн тѳгсѳх ангид орох жил чи бид хоёрын ид нѳхѳрлѳлийн үе болоод байлаа. Хэдий хамт суухаа больсон ч чи үргэлж л надад наалдаастай, намайг тэврээстэй явдаг байсан. Хичээлээ хийхдээ ч, ѳдрийн хоолоо идэхдээ ч, гэрлүүгээ харихдаа ч үргэлж хамт. Болдог бол одоо ч гэсэн чамтай хамт баймаар байна. Гэхдээ бүтэхгүй л дээ.
Чи надад ярьдаг байсан. Аль дунд ангиасаа хойш сайн байсан охиныхоо тухай. Ярих үед нүд чинь гялалзаж, хѳѳрѳхийг би зүгээр л ажиглан суух дуртай байлаа. Тэгээд би анзаарсан юм. Чамайг их ѳѳрчлѳгдѳж байгаа гэдгийг чинь. Жил ирэх тусам ѳсѳж ѳндѳр болоод, махлаг гүзээний оронд зургаан толгойт булчин бий болсоныг. Охидууд чамруу шоглосон ѳнгѳ аястай биш харин шохоорхсон, ѳдсѳн ѳнгѳ аястай хардаг болсныг би анзаарсан. Чи улам бүр сэтгэл татам болж байлаа.
Би мэдсэн. Охидын ярианаас. Чамд сайн охидууд манай ангид цѳѳнгүй байгааг мэдсэн. Тэгээд би бодсон. "Би ганцаараа дурлаагүй л юм байна" гэж. Гэхдээ надад боломж байсан гэж үү? Үгүй, юу ч байгаагүй. Би сэтгэлээ илчилчихвэл би үүрд чиний хажууд байх эрхгүй холдох хэрэгтэй болно гэдгээ би мэдэж байсан. Олон хүмүүсийн хараалыг идэж хамгийн гол нь чи надлуу үзэн ядсан харцаар харахвы гэдгээс би айж байсан. Би нуусан. Бүх зүрх сэтгэлээ цоожтой хайрцагт хийгээд далайн гүнрүү шидчихсэн. Буцаж очиж онгойлгохыг хүсээгүй ээ.
Харин намайг ѳнчин хайраар чамайг хайрлах зуур чи сайн байсан охиндоо сэтгэлээ нээсэн. Тэр зѳвшѳѳрч та хоёр үерхэж эхэллээ. Би чамайг аз жаргалтай байгааг хараад баярладаг байлаа. Надаас зѳвлѳгѳѳ аван тэр охиндоо бэлэг ѳгѳхѳд би баярладаг байлаа. Чи л жаргалтай байвал... чи л жаргалтай байвал болоо. Тэгвэл л болоо.
Ахлах сургуулиа дүүргэн чи бид хоёр ѳѳр ѳѳрийн замаар холдон одоход би тайвширсан. Одоо л нэг санаа амрахтайгаа болсон. Чамаас холдож байж, шинэ газарт очиж байж гэмээн би чамайг мартана гэдгээ мэддэг байлаа. Би амьдралаа арай ѳѳрѳѳр эхэлж чадна гэдгээ мэдэрдэг байсан юм. Гэвч зүрхний хаанаас ч юм нэг дуу хоолой чамайг мартахыг хүсдэггүй байлаа. Чамайг дахиад надад наалдаад, дулаан тэврэлтээрээ тэврээсэй гэж тэр цурхиран уйлж, тасралтгүй гуйж байсан. Би сонсохыг хүсээгүй.
Тэр нэгэн бороотой ѳдрийн орой чи над дээр ирсэн. Найз охиндоо хаягдчихлаа гээд. Ѳвдѳѳд байна. Түүнийгээ санаад байна гээд над дээр уйлаад ирсэн. Бороонд нэвт цохиулан халуурахдаа чи зѳвхѳн түүний нэрийг дуудан байх чинь намайг галзууруулж, дотроос минь түлж байлаа. Хүйтэн алчуур мушгин чиний духан дээр тавихад чи халуундаа дэмийрэн намайг түүнтэй андууран үнссэн. Би хүсдэг байлаа. Чиний зузаан урууланд хүрэхийг. Юу юунаас илүү шунаглан хүсэж явдагаа би нуудаг байсан. Чамайг үнсэх мѳч гарвал инээмсэглэнэ гэж боддог байсан атал яг тэрхэн үед би уйлж байсан. Чи намайг биш харин тэр эмэгтэйгээ үнсэж байгаа гэж бодож байгаа шүү дээ гэдгийг би хамгийн сайн мэдэх хэрнээ л би уйлж байсан. Бас гомдох сэтгэл тѳрж, цээжинд юм тээглэн бачуурч байсан. Нулимас минь доош урсан урууланд нийлж шорвог амтагдахад би энэ боломжийг алдахгүй гэсэн шиг ѳшѳѳ илүү, бүр илүү ихээр хүсэх хүслээ даран би үнссээр байсан. Чамаас уруулаа салгахыг огтхон ч хүсээгүй. Гэхдээ "Жэхи, би чамд хайртай" гэж хэлэхийг чинь сонсоод би хѳшиж орхисон. Хамаг цус гүйхээ болин, ѳѳрийнхѳѳ ямар тэнэг үйлдэл хийснийг бодохдоо дотроо ѳѳрийгѳѳ хараан зүхэж, уучилж чадаагүй.
Одоо би чиний хажууд байна. Чамайг үүрд явуулах гээд хажууд чинь инээмсэглэл гэх баг зүүн дотроо уйлан зогсож байна.
"Найз минь, гэрэлсэнд чинь баяр хүргье."
A/n:Ta nartaa barij bgaa eeljit beleg min ym shvv. Hairlaarai

YOU ARE READING
ONESHOTS
Romanceяаой Гэгээн сайхан хайрын тухай. Гэхдээ сүүлийн үед гэгээнгүй хайр ч бас ороод байх шиг байнаа ххахах.