Мингюү Жэ И-ийн тайрмал үсийг илбэнгээ хөөрхөн түүнийг ширтэн, хормын төдийд тэвэрч аваад хун цагаан хүзүүг нь гижигдэн үнсэнэ. Энэ л үедээ тэд хамгийн эелдэг зөөлөн, урин дулаан, энхрий ялдам болдог билээ. Жэ И шиг чанга, хүйтэн эмэгтэй Мингюүгийн гарт орохоороо л жаахан охин шиг эмзэг турьхан болчихдог гэмтэй ажгуу. Мингюү ч түүнд яаж үйлчлэхээ сайн мэднэ. Жэ И өндөр шаардлагатай дээд зэрэглэлийн үйлчлүүлэгч бол Мингюү ажилдаа гаргуун, төгс мэргэшсэн үйлчлэгч байлаа.
"Утас чинь дуугараад байна."
"Битгий тоо."
"Ав. Зүгээр ээ, утсаа ав."
Мингюү амьсгаагаа дараад утсаа авав. Гэнэт л царай нь хувьсхийн, өндөр дуу хадаалаа.
"Юу? Аль эмнэлэг юм?" гэсээр даруй хувцаслаж гарав. Утсаа тавьсны нь дараа балмагдаж хоцорсон Жэ И юу болсныг асуусанд Мингюү тодорхой хариулсангүй. Тэр ч мөн санд мэнд хувцсаа өмсөөд Мингюүг гарч гүйхээс өмнө амжиж дахин юу болсныг асуувал тэрээр баргар царайлан "Энэ.. юу.. манай аав.. Би эмнэлэг явах хэрэгтэй байна." хэмээн үгээ зөөж ядан, гарахын түүс болно.
"Би хүргээд өгье."
"Өө үгүй дээ.."
"Амаа татаж үз. Хурдан явцгаая." хэмээн Мингюүг чангаасаар буудлаас гаран машиндаа ирж суув.
"Суудлын бүсээ зүү. Аль эмнэлэг юм?" гэж Жэ И зандрах нь сүр бараатай.
Түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд араас нь даган орлоо. Мингюү гүйхээрээ нэг түргэний тасаг руу орж явчихав. Жэ И түүнээс арай хойно орж ирээд юу болохыг холоос ажиглан зогсоно. Харин залуу үүдний рэсэпшн дээрээс даруй хөшигтэй орнууд руу хүрж, нэг нэгээр нь яран явлаа. Жэ И түүнийг гүйцэж ирснийхээ дараа хэн нэгэн эрэгтэйн хажууд санаа нь чилэн суухыг нь олж харсан юм. Орны нөгөө талд нэгэн хижээл эмэгтэй мөн л тэвдсэн байртай сууна.
"Юу болсон юм бэ? Яагаад ийм болчхоо вэ?" гэж уцаарлах үед хамар нь жаахан гуншсан нь мэдэгдэнэ.
"Намайг түр гараад ирэх хооронд л ийм зүйл болчихлоо. Хэрэггүй орхиж гардаг байж." хэмээн эмэгтэй халаглана.
"Битгий ганцааранг нь үлдээ гэж би танд хэлдэг биз дээ!" гэж эмэгтэйг дуугаа өндөрсгөн загнана.
"Миний буруу. Уучлаарай, Мингюү. Үнэхээр уучлаарай, ээжийгээ.." хэмээн нус нулимстайгаа хутгалдсан эмэгтэй хүүгээсээ өршөөл эрэх ажээ.