Олон өдөр, олон шөнө өнгөрлөө. Сураг тасарчээ. Тэр эмэгтэйгээс. Үүгээр, түүгээр эрж сураад түүнийг дахин харсангүй. Ор сураггүй алга болж.
Эхэндээ залуу түрхэн зуур анирт автжээ хэмээн бодсон боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ул мөр нь балрахын цагт, эгнэгт ийн алга болно уу хэмээн гайхаж, айдас хургав. Арай ингээд орхихгүй байлгүй дээ, үгүй тэр тэгэх учиргүй шүү дээ гэж чин зүрхнээс итгэж байлаа.
Утас цохих боловч дугаар нь ашиглалтаас гарчээ. Гэрт хүрч очсон ч бараа сураг тасарчээ. Хонон өнжин хүлээсэн ч тусыг эс олов. Харин удтал эргэлдлээ гэж нөхрийн нь хүмүүст занчуулжээ. Ажил дээр нь очлоо. Авгай хүүхэн эргүүллээ гэж хавийн амьтан хараагаад зүгээр алхуулсангүй. Дангинатал түгжээтэй дэлгүүрийг нь шинэ газар засаж орох. Үргэлж уулздаг газрууддаа чимээ чагнан хүлээнэ. Чин сэтгэлийг нь бодоод нэг ч удаа бараагаа үзүүлсэнгүй.
Харин тэгтэл нэг өдөр хаанаас ч юм түүнтэй холбоо барилаа. Нэгэн өдөр, нэгэн жинг түүнд зориулан уулзах цаг товлоё гэлээ. Учрал дагуулсан дуудлагад талархал илэрхийлээд, товлосон өдрөө, товлосон цагтаа болзоот газраа ирлээ.
Хүн хөл цөөтөй кофешопт цаг тогтжээ. Хэдэн хүдэр эрийг дагуулсаар тэр хүрч ирэв. Хөөрхий залуугийн өмнө юу ч болоогүй мэт суув. Хүсэн хүлээсэн түүнтэйгээ уулзсан залуу хүүхэд шиг ихээр баярлав гэнэ. Хэчнээн удаан хүлээснээ хэрэг болгож түүнд ярина гэнэ. Хоног тоолон хүлээснээ хол ойрын сонин болгон ярив гэнэ. Хаашаа яваад сураг тасарсныг нь асуувал, хариуд нь эмэгтэй холдоогүй гэдгээ хэллээ. Гэрээрээ нүүдэл суудал хийсэн хэмээв. Учир байсан бол хэлэхгүй дээ хэмээн уйлагнан гомдоллоход, уулаас түүнд хэлэх санаагүй байснаа дурдаж, уушги зүрхийг нь сэмлэж орхив.
Шалтгааныг нь асуулаа. Шуудхан хэлэхгүй байх учир юу сан билээ?
Тайлагнах шалтгаан байхгүй гэдгийг тов тодорхой хэлж орхив. Тэнгэр нурах шиг санагдав. Тэртэй алсад хаян одох нь уу хэмээн эмээв. Тийм гэдэг үгийг хариуд нь сонсов. Тэгсгээд салах болсноо дуулгав.
Үгүй, би хүсэхгүй байна гэж үнэн учраа хэлэв. Үүний оронд үтэр түргэн үх гээд хэлчих хэмээн үнхэлцэг зүрхээ барилаа. Үнэндээ чамайг гэх сэтгэл үгүй гэж бүсгүйг хэлбэл үүл бороо нарыг хаахаас илүү тэнгэр харлалаа.
Худлаа биз дээ гэж ахин ахин асуухад, хуурамч занг минь уучлаарай гэх нь тэр. Хоёр биендээ хайртай байсан шүү дээ гэтэл хоосон үг байсан юм аа тэр гэлээ.