Ү Хён хүзүүндээ байсан Жинийг тасар татаад газар уруу чулуудлаа.
"Ямар ч хэрэгцээгүй хог байж."
Элстэй бортого газар унахын даваан дээр агаар дээр нисэх мэт тогтоод үлдчихэв гэнэ. Гинж нь ямар нэг зүйлээс зүүгдэх мэт дээш гозойн үзэгдэнэ.
Гэнэт л нүдний нь өмнө оргүйгээс гарч ирсэн Жин бяцхан Жинийг гартаа атгаад,
"Чи ингэж болно гэж санаа юу?" хэмээн анх удаа уурслаа. Түүний царай яг л аюумшигт чөтгөр лугаа хувираад хормын дараа зүгээр болов.
"Ямар ч хэрэггүй зүйл байж. Одоо надад наадах чинь хэрэггүй. Анхнаасаа хэрэггүй байж. Би яах гэж үүнийг авав аа. Байдлыг улам дордуулахаас цаашгүй." хэмээн Ү Хён орилж чарлана.
Жин Жинээ нандигнан энгэрийн халаасандаа хийгээд,
"Тийм бол би ингээд явъя даа. Ямар ч хэрэгцээгүй зүйл байсан бол хүлцэл эрье. Дахиж амьдралд чинь ийм боломж гарч ирэхгүй байг. Бусад золгүй хүмүүсийн нэгэн адил цагийн урсгалдаа үүрд үлдэг. Харин цагийг хэлхээг тасдаж болох байсан сан гэх гачлант бодол насаар чинь мартагдалгүй дагаж яваг." хэмээгээд эргэн алхлаа. Жаргах нарны зүг түүний алсран одох дүр харлан харлан үзэгдэнэ.
Ү Хён газар лаг хийн сууж түүний араас цөхрөн харж суухдаа энэ насандаа дахиж нарны туяаг энгийнээр мэдрэхгүй гэдгээ, тэнгэрийн заадсыг ханзартал эндээ мөнх үлдэнэ гэдгээ ухааран гашуудаж, хэзээ ч биелэхгүй хүсэл нь хоолойг нь боож алах хэмжээний лавхан суусан болохыг мэдрэнэ.
"Хүлээгээч!"
Тэр Жинийг алсран одохоос урьтаж ардаас нь гүйж ирээд түүнээс эцсийн боломж олгохыг хичээнгүйлэн хүсэв.
"Гуйя. Намайг яг зөв мөчид очиход туслаач? Түүнийг аварч болох хамгийн зөв цаг хугацаанд. Жинийг чулуудсанд уучлаарай. Би чин сэтгэлээсээ өршөөл эрж байна." хэмээн өвдөг дээрээ сөхөрлөө.
Жин дороо зогсоод түүний юу гэхийг сонсоно. Эргэж харахдаа тэр энгэрийн халаас руугаа гараа шургуулсан чигтээ,
"Яг зөв мөчид очмоор байна гэв үү? Энэ гэхдээ маш хэцүү зүйл. Маш их хүч зарцуулдаг юм. Би чамайг зөв цагт аваачихын тулд асар их хүч зарцуулсныхаа төлөөсөнд чамаас том хариу нэхвэл чи надад өгч чадах юм уу?" хэмээн асуулаа.
"Хариулж чадах юм байвал би хамаагүй өгье." хэмээн Ү Хён бодож санах юмгүй хэллээ.
YOU ARE READING
Time Renegades(Completed)
Kỳ ảoХүсэн мөрөөдөж ирсэн амьдрал төсөөлөхийн аргагүй муугаар эргэхэд хүн юу хүсдэг вэ?
