Хэн нэгний дотоод ертөнцрүү нэвтрэх тийм ч амархан ажил биш. Ялангуяа инээмсэглэж байгаа нэгнийхрүү. Яагаад гэвэл тэд аймшигтай хүчтэй бамбайны ард нуугдчихаж байгаа юм. Хэн ч тэгтлээ жаргалтай инээмсэглэж байгаа нэгнийг дотроо үхэж буйг анзаарахгүй шүү дээ. Ердөө л хичнээн жаргалтай байгаад нь атаархан бишрэнэ. Би ч бас биширдэг байлаа.
Энэхүү түүхийн гол дүр болох бүсгүйтэй би 9 сарын өмнө анх солонгост ирээд удаагүй байхдаа найзуудынхаа хамтаар жижигхэн номын кафед танилцсан юм. Кофед орж ирээд сууснаас минь хойш тасралтгүй ямар нэгэн номыг жаргалтай гэгч нь уншиж суусан бүсгүй яагаад ч юм зүгээр л миний анхаарлыг ихэд татаж билээ.
Түүний урт хүрэн үс мөрийг нь даган унжиж, үе үе тэрээр үсээ зүүн чихнийхээ аруур хийх ч сахилаггүй үснүүд нь үргэлж л нүүрнийх нь урдуур унжчихна. Хэтэрхий гэмээр жижигхэн туранхай ч царай нь гэрэлтэж, уруул нь ягаарах тэр эмэгтэй зузаан ноосон цамц өмсөж дотроос нь өөрөө арай хийн цухуйх нь эгдүүтэй санагдаж, тэгсэн ч сүмбэн цагаан гараараа кофенийхоо аяганаас атгаад урууландаа хүргэн уух нь ихэмсэг хүчирхэг нэгэн болохыг нь батлана. Ерөөсөө л хүн татах увьдас түүнд байсан юм.
Намайг түүнрүү үе үе харц шидлэхийг анзаарсан найз маань миний зөвшөөрөлгүйгээр түүнтэй танилцуулахаар зэхэж, тэр нь ч амжилттай болов.
Бүсгүй надруу инээмсэглэхэд би түүний өөдөөс алхан очоод өмнө нь байсан сандал дээр сууж гар сунгахад тэрээр толгой сэгсэрэн инээмсэглээд
- Таатай байна хэмээн миний гараас атгаж билээ.
Атгасан ч гэж, зөөлхөн, хөнгөхөн, хэврэгхэн гэмээр санагдах тэр гар надад өд өвс шиг хөнгөн, хүрсэн даруй хамаг бие арвалзуулам мэдрэмж төрүүлсэн тул би хурдхан гараа татан авсан билээ. Ахин удаан атгаад байвал түүний гарыг сэвтээчих юм шиг санагдаад л тэр.
Тийм ээ, тэр бүсгүй яг тийм байсан. Сэвтээж боломжгүй. Инээмсэглэл нь, дуу хоолой нь, үйл хөдлөл бүр нь, амьсгалах нь хүртэл.
Гэхдээ түүнтэй дотно нөхөрлөхийнхөө хирээр таниж, бага сагахан ойлгодог болоод ирэх үедээ би нэгэн зүйлийг сэтгэлдээ сэжиглэн бодож эхэлсэн юм.
Түүний энэ өө сэвгүй төрх ердөө халхавч биш байгаа? Түүний энэ сайхан инээмсэглэл хуурамч биш байгаа?
Анх удаа ийн сэжиглэх болсон шалтгаан нь бид найзуудын хамтаар жаахан архи уучихаад би түүнийг хүргэж өгөхөөр явж байлаа. Хавар дуусаж зун ирсэн цаг. Танилцаад 3 сар орчим болсны дараагаар юмдаг. Хэрэндээ дотно нөхөрлөх болсон бид элдвийн зүйл их ярьдаг дээр бүсгүй олон талын сонирхол нь минийхтэй тун төстэй байсан юм.