Сынхүн намайг хөтөлсөөр нэгэн барилгын гадна талын төмөр шатаар дээш 4 давхар өгссөөр гарч ирсэн тэр газар үзэгсгэлэнтэй байлаа. Дээврийн талбайн хашлагыг дагуулан өрсөн хэдэн арван шавар баримал. Энгийн нэг аяга, эсвэл айдас хүргэмээр урсаж буй хэн нэгний царай төрх, эрс тэс олон шавар баримал. Тэднийг тойрон гэрэлтэх зул сарыг санагдуулам гэрлэн чимэглэлүүд, цус шиг улаан өнгөтэй модон сандал, борооноос хамгаалах саравч гээд л.
Тэр миний гараас тавихад би түүний барималуудыг нэг бүрчлэн бишрэн ширтэж байснаа санана. Надад тэр бүрээс гайхмаар соргог мэдрэмж төрж, бүтээл бүр нь Сынхүн шиг хайр татам нууцлаг санагдаж байсан.
Сынхүн миний ард ирж зогсоод үсэнд минь зөөлхөн хүрэхэд би түүнрүү эргэн харж, тэр миний үсийг чихний араар хийн өгөхдөө инээмсэглэнэ.
- Өнөөдөр надтай шөнийг өнгөрөөх үү?
Би түүний үгийг сонсоод яасан гэж санана? Нүүрийг нь халуу дүүгтэл алгадах уу? Эсвэл ичсэндээ хацраа илэн доош харах уу?
Би түүнрүү инээмсэглээд
- Хүссэн хүсээгүй би өнөөдөр харихгүй ээ гэсэн.
Тэр шөнө бидний юу хийсэн талаар хэтрүүлэн төсөөлөх хэрэггүй шүү. Бид бүхэл шөнөжин ярилцаж, түүний барималуудын цуглуулгыг үзэж, би түүний зургийг авч, үүрийн 5 цагт Before Sunrise гэх киног буйдан дээр өөд өөдөөсөө харан суугаад үзсэн.
Хоёул хөлөө нугалж өвдөгөө тэврээд, хананд тусах прожектроор киногоо шимтэн үзнэ. Тэр зуурт бидний хөл нэг нэгнийхдээ хүрч байсан.
Сынхүн америкт төрж, тэндээ өсөж, тэндээ урлагын сургуульд сурсан ч 3 жилийн өмнө Солонгост амьдрахаар ирсэн. Аав ээжээс илүүтэйгээр энд байдаг авга ахтайгаа дотно, хэдхэн найзтай байсан ч одоо хэнтэй ч харилцахаа больж, эндэхийг студиэ болгоод хэдхэн сар болж байгаа ч нүүх бодлоо бүр хаясан зэргийг нь мэдэж авсан ч тэр бүхэн минь түүний хэн гэдгээс дэндүү хол байсан юм.
Би түүнийг огт таниагүй хэвээрээ.
Гадаа нар мандаж байхад бид хоёр хөл хэсгээрээ нимгэн хөнжил хуваан нөмрөөд өмнөх шигээ өөд өөдөөсөө өвдөгөө тэврэн сууцгааж байлаа. Би ирүүгээ өвдөгөн дээрээ тулсан байх бол Сынхүн зүүн гарынхаа тохойгоор буйдангын арын түшлэгийг түшин шанаагаа тулсан байдалтай надруу ширтэн инээмсэглэнэ.
Шинэлэг, дулаахан мэдрэмж цээж дүүрэн мэдрэгдэж, би хоосрол, харуусал, уй гуниг зэрэг хачин мэдрэмжүүдийг мартаж орхиод зүгээр л энэ мөчүүд надад таалагдаж байгааг таалан байсан тэр өглөө бид хоёр хоорондоо юу ч яриагүй бөгөөд хэн хэнийхээ царай өөд ширтэн үе үе инээмсэглэл тодруулахаас өөр зүйл хийхгүй суусаар нэг мэдэхнээ хоёул унтчихсан байлаа.