Би түүнийг унтуулчихаад эмх замбараагаа алдаж гүйцсэн гэрийг нь жаахан цэгцэлхээр шийдэн эхлээд газраар тарсан хогыг шүүрдэв. Түүх гэхэд хэтэрхий их хагархай шилний үйрмэг байсан тул тоос соруулахыг хүссэн ч унтаж байгаа Сынхүнг сэрээхгүй гэсэндээ чийгтэй алчуураар арчиж, дараа нь өмхийрсөн архины үнэрийг гаргахаар цонхнуудыг нээлээ. Жихүүн байв. Намар орой хойно аргагүй ч биз.
Буйдангын өмнө байх ширээн дээрээс татаж орхисон тамхины ишнүүдээр дүүрсэн үнсний сав, архины шил, хоосон лааз зэргийг хогын уутанд уутлаад, жаахан цэгцийг олсон ширээн дээрээс өөрийнхөө түүнд үзүүлэхээр авчирсан гэрэл зургуудыг түүн авав. Эхний зураг дугуйтай хүүхдүүд байх бол хоёр дахь зурагт загас барин зогсох хоёр настан буужээ. Гуравдах зургийг эргүүлэхдээ харин би цочирдох шиг болов. Энэ зураг анх Сынхүнгын зураг байсан юм. харин одоо түүний нүүрийг юугаар ч юм ухаад авчихжээ. Өөр нэгэн зураг ч тэр.
Тэр өөрийнхөө царайг зураг бүхнээс сийчин авч.
Өөрт мэдрэгдсэн зүйлсээ тооч гэвэл юун түрүүн алдахвы гэх айдас, түгшүүр, мэдэхгүйн зовлон, ойлгохыг хүсэх хүсэл, аврахыг хүсэх. Доторхоо бүрэн уудалж гаргаад тайлбарлаж болдог ч болоосой.
Гэхдээ нэг л зүйлийг мэдэж байлаа. Сынхүнг аврах хэрэгтэй. Ямар ч чөтгөр шулам, харанхуй бодлууд түүнд шүгэлсэн байлаа би аврах хэрэгтэй.
Өглөө болж буйдан дээр суугаагаараа өнөөх зурагнуудыг гартаа атгасан чигтээ сэрэх үед өмнө минь тэр сууж байлаа. Хагас нүцгэн тэрээр цээжин биеэ нэхмэл хөнжилөөр ороожээ. Арай гэж цэгцэлсэн ширээний өнцөг дээрээс тэр надруу ширтээд л, ширтээд л байсан. Тэгснээ инээмсэглэсэн. Түүнийг үг хэлэхгүйг ойлгоод би түүнрүү гар сунгахад миний гараас зөөлхөн атгаж, тэр гар нь цэв хүйтэн мэдрэгдэнэ.
- Өглөөний мэнд.
- Өглөөний мэнд.
- Гар чинь яаж байна?
- Зүгээр ээ.
- Эмнэлэг явах уу?
- Хүсэхгүй байна.
- Яагаад?
- Намайг эмчилж чадахгүй болохоор.
- Чи яаж мэдэж байгаа юм?
Тэр хэсэг чимээгүй суув. Тэгсэнээ толгой сэгсэрээд
- Чи надтай хамт нэг тийшээ явах уу? гэнэ.
Бид явсаар жижигхэн үйлдвэрт ирэв. Шаазан эдлэлийн үйлдвэр. Дотогш ороход бүгд түүнийг таньж, тэр ч бүгдийг танина. Тэгээд бид нэгэн урлангын өрөөрүү орно. Тоосонд дарагдаж, хуучирсан тэр өрөөнд ороод Сынхүн намайг шавар урлал хийм дамрын өмнө суулгаад өөрөө ард минь гарлаа.
- Би гараа гэмтээчихсэн болохоор юм хийж чадахгүй. Харин чи чадна. Хамтдаа хийцгээе.
Тэгээд тэр надаар жижигхэн ваар хийлгэв. Мэдээж би мэргэжилийн хүн биш агаад Сынхүнгаар өмнө нь жаахан заалгаж байсан мэдлэгээрээ хичээн хийхийг оролдох ч олигтой болж өгөхгүй, харин Сынхүн бүтэлгүйтэх бүрт минь шоолон инээсээр шархгүй гараараа миний гарыг дэмжиж өгнө. Тэгсээр бид хийж дууслаа. Тэр жижигхэн ваар шилдэг бүтээл байгаагүй ч яг л түүний хүссэнээр бүтсэн бөгөөд ердөө нарын бал л орох хэмжээний амсартай боловч дотор талдаа жижигэвтэр цайны аяга мэт багатаамжтай дугариг эд байлаа.
- Бэлэн болох хүртлээ жаахан удах байх. Хоёулаа шатаах цехид хүргэж өгчихөөд хоол идэхээр явцгаая гэхдээ тэр жаргалтайгаар инээмсэглэж байсныг санана. Ер нь тэр ойрдоо ийн их инээгээгүй тул би баярлаж бас айж байсан.
Хоол идэж дуусаад бид үйлдвэрээс холгүй байх уулруу гарав. Хоттой ойрхон ч ийм газар зүлгэн дээр суугаад алсын бараа ширтэх хичнээн сайхан.
Ийн суух зууртаа бид элдэв зүйл яриагүй ч зүгээр л хаа холын хоосонг ширтээд хамтдаа байхад өөр юу ч хэрэггүй мэт, ганцаараа биш гэдгээ мэдрэх тэр мэдрэмж намайг жаргалтай болгож байлаа.
- Надад айдас бий хэмээн намайг хэлэхэд Сынхүн
- Юу юм? гэсээр надруу ширтэнэ. Би түүнрүү мөрөө хавчаад уртаар амьсгал авч
- Ганцаараа байх.
- Харин минийх ганцаараа биш байх.
- Яагаад?
- Надтай хамт байсан хүн надаас болж зовохыг хүсэхгүй байна. Ядаж л чамайг.
- Яагаад?
- Чи хөөрхөн болохоор. Тэгээд бас би чамд дуртай болохоор.
- Яагаад?
- Чи өнөөдөр яагаад гэж надаас их олон асууж байна.
- Ойлгохыг хүсэж байгаа болохоор.
- Чи мэдэх үү? ихэнхи хүмүүс ойлгох гэж биш хариу хэлэх гэсэндээ хэн нэгнийг сонсож байдаг.
- Би тэгвэл ихэнхи хүмүүсийн нэг биш болог.
Тэр надруу инээмсэглэж, тэгээд мөрийг минь түшин хэсэг сууна. Тэгснээ уртаар санаа алдаж, удалгүй уйлж эхлэнэ.
Эр хүний уйлах дуу шиг тийм гачлант дуу энэ хорвоод өөр бийсэн болов уу?
- Хамтдаа байцгаая. Сон Сынхүн. Надтай хамт бай.
- Үгүй ээ хүсэхгүй байна.
- Юунаас болоод?
- Үхэх учраас.
- Тэгвэл үхэх хүртэл чинь хамт байцгаая.