Би уг нь зураач болохыг хүссэн ч бурханы бэлэг нь надад байсангүй. Тиймээс би гэрэл зураг авах дуртай болсон юм. чадваргүй, урлагт чалхгүй хэрнээ би галзуу юм шиг шунан дурлах миний урлаг намайг харин өөрөөсөө боломж бүрээр түлхэж, би онгод тэнгэр гэх зүйлгүй бачуурч үхэх нь үү гэлтэй санагдаж, ганцаараа архи уухаар нэгэн архины газарлуу орсонсон.Миний амьдралын хамгийн азтай өдөр. Бас хамгийн азгүй өдөр.
Намайг тэр газарт орох үед хүн бараг байсангүй, цаг ч эрт байсан хойно аргагүй биз. ханандаа жазз дууны пянзнууд өлгөж, хуучин поошигнууд тайрч яанзлаад ширээ болгон засаж, шал гэх зүйлгүй шороон дэвсгэртэй байх тэр газарт хүйтэн өвлөөр үхээгүй ногоон зүлэг харагдсан нь хичнээн таатай. юутай ч шар айраг, шарсан төмс захиалаад You're The Only Good Thing In My Life гэх дууг сонсон суухдаа дажгүй хөгжимтэй газар орж ирсэндээ баярлаж байлаа.
Хөгжмийг илүү мэдрэхийн тулд ч юм уу зүгээр л ганцаардсандаа, эсвэл согтсондоо би хэсэг зуур нүдээ анин, шанаагаа тулж, толгойгоороо ганхан бүжиглэж байгаад удаанаар нүдээ нээх үед миний өмнө тэр сууж байсан.
Огт танихгүй хэрнээ хэзээний танил тэр.
Туранхай, онигор, сонин хамартай, нимэгхэн уруултай хэрнээ бүгдээрээ нийлээд сэтгэл татам царай үүсгэх хачин залуу.
- Ганцаараа байгаа юм уу?
- Тийм ээ. Ганцаараа
- Ганцаардахгүй байна уу?
- Ганцаардаж байна.
- Ашгүй дээ. Хамтдаа ганцаардах уу?
Бид их зүйл яриагүй ч их уусан тэр орой гадаа чөтгөр алгадмаар хүйтэн байсансан. Хөл дээрээ тогтохтой үгүйтэй болсон бид хоёр тэр газраас гарч ирээд шууд хүйтэн салхинд цохиулан даарч, тэгсэн хэрнээ хэн хэнээ хувцасандаа шигдэн чичирхийг хараад инээд алдана.
Түүний хүзүүнд нимгэн торгон ороолт тохойтой байх нь намайг гайхшируулна. Хэтэрхий эмэгтэйлэг баймаар тэр ороолтыг би бүхэл оройжин харсан ч загварын шүүмж хэлж үг унагаагүй ч гарч ирсэн хойноо энэ хүйтэнд тэр ороолт намайг дулаацуулж чадна хэмээн бат итгэж, түүнээс ороолтоо өгөхийг шаардахад
- Өгөхгүй ээ. Харин өөр зүйл өгье гэж хэлээд гараас минь атган хүрэмнийхээ халаасанд хийв.
Нэрийг нь ч мэдэхгүй танихгүй тэр залуугын гар дулаахан байлаа.
Нэрийг нь ч мэдэхгүй танихгүй тэр залуу царайлаг байлаа.