1: Өөртөө дургүй нугасхан

739 57 8
                                    

Бүүдгэр өдрүүдийн юунд нь унаж тусдаг гэдгээ хэл гэвэл би "Амгалан, аниргүй, айдасгүй" гэх гуравхан үгийг сонорт тань дуулгах болно. Өрөөний буланд өдөр шөнөгүй зожигрон суух надад хумсын чинээ итгэл найдвар, бодолдоо татуулах солонгон мөрөөдөл гэгч нь нэгээхэн ч үгүй ажээ.

Хичээлээ хийгээд л байвал аав маань намайг амжилтад хүрч чадна гэдэг байлаа. Түүн шиг мятрашгүй эр хүнийг юунд ижий минь орхин одож, үүрэн дэх бяцхан дэгдээхий байсан намайгаа хөсөр хаясан юм бол оо гэж жаалхан би хааяа нэг гуниглан боддог байж билээ.

Түүний тавьсан шалтаг бүрийг тэвчээр заан эцэг минь сонсохдоо чихээ дарахыг хүссэн байх. Гэвч өөрийг нь сэтгэлийн их шаналалаас түр ч атугай сэргийлж чадах хоёр гар нь таван настай миний соргог дэлдэнг дарсан юм. Охиндоо муу бүгдийг харуулахыг эс хүсч, түүндээ бачимдсан аав олон сараар дуугаа хураана, дурамжхан цаг хугацаагаа өнгөрөөнө.

Сургуульд ордог жил тийм ч сайхан байгаагүй гэдгийг тодхон санах юм. Ээж биднээс холбоогоо тасалж, энэ хорвоод түүнээс үлдсэн ганц зүйл нь ягаан өнгийн хуурцаг л байсан. Санаад арга ядахдаа ээжийн энгэрээс анхилан байдаг чихэрлэг боловч нялуун үнэрийг олохын тулд өдөр бүр сүрчиг шиншилж явна. Үнэр нь мэдрэгдвэл эргээд уулзсан шиг сайхан болно хэмээх балчирхан бодлыг толгойдоо хураасан долоон настай надад ээжийн орон зай асар ихээр үгүйлэгдэн байв.

Аавын завгүй өдрүүд тэр болгон намайг өршөөн анзаардаггүй. Долоон нар, долоон мөнгөн сарны зүй тогтлоор дунд нь өдрийн од шиг тоотой хэдэн удаа л инээж хөхөрнө.

Амьдралд минь үнсгэлжингийн шидэт эх чухам яагаад гялбаа татуулан гарч ирж болоогүй юм бол?

Ийн бодхул нэгэн учгаас би бээр хагас өнчин, найдвар болоод сэтгэлийн очоо усанд хаясан чулуу лугаа алдсан өсвөр насны зожиг охин болно.

Юунд чингэн байж өөрийгөө нийгмээс ангид торонд хорьсон юм гээд асуу. Би бас хариулъя. Чухалчилж авбаас уйланхай бага насаа тоолгүй өнгөрөөж, урагдсан сэмэрхий эмзэг сэтгэлтэй шилжилтийн эхэн үеэ нугачин дарсанаас л түмэн асуудал миний ертөнцийн далайд цутгасан билээ.

Гадаад төрх минь анхнаасаа, ундарга булгаасаа онцын зүйлгүй байсан. Тэр ч бүү хэл царай муут, нугасны муухай дэгдээхий хэмээн цор цор хочлуулсан мөчөөс хойш би өөрийгөө хэзээ нэгэн цагт үзэсгэлэнтэй болно гэх найдлагаа алддаж эхэлсэн. Уруулаа будаж үзэхэд шинэхэн будгийг минь голоор нь нугачин хугалсан дүрсгүй хөвгүүд, өглөөжин сүлжиж туузаар ороосон үсийг минь сэгсийлгэсэн ямаан омогтой эвэргүй чөтгөр шиг охид магад намайг улам ихээр гунихруулсан биз ээ.

The Ugly Duckling [MKL]Where stories live. Discover now