[1]

916 77 13
                                    

Хамгийн их айдаг хүнээ тайвшруулах гэсээр нурууг нь илэхээсээ би эмээсэнгүй. Өмнө нь яагаад ч юм би эрэгтэй хүнийг ингэж их уйлж байхыг харж байгаагүй юм. Нуудаг байсан болохоор л тэднийг уйлдаг гэж боддоггүй байж дээ. Хэдийн тэр миний хар дарсан зүүд, намайг айлгаж ханадаггүй Жун Чэнлэ байсан ч гэлээ хэн нэгнийг уйлж байхад нь ганцаар орхихыг хүссэнгүй. Эхний бөгөөд эцсийн удаа ч болов түүнийг өөрийн мэдэх дүрээр бодохгүй байхаар шийдсэн юм. Түүний уйлж буй шалтгааныг би мэдэхгүй ч сайхан хэрэг болоогүй нь лавтай. Намайг уйлж суухад нурууг минь илж өгөх хүн байдаггүй нь миний гунигийг нэмдэг тул цорын ганц удаа түүнийг тайвшруулахыг хүсэв. Ялангуяа миний хэрцгий, дээрэнгүй гэж боддог Жун Чэнлэг ангид ганцаар мэгшин уйлж байхтай таарна гэж төсөөлөөгүй аж. Түүнтэй яриа өрнүүлэхээс эмээдэг би гунигтай төрхийг нь харсан даруйдаа өөр дээрээ тэрхүү гунигийг нь мэдрээд ямар ч аргаар хамаагүй тайвшруулахыг хүссэн хэрэг.

Өөрөө уйлж байгаагаа хүнд харуулахыг хүсдэггүй болоод ч тэр үү түүний царай руу харж зүрхэлсэнгүй. Бүр Чэнлэ шиг харц дээгүүр, эрхэмсэг бардам хүний сул дорой төрхийг ширтмээргүй байна. Шиврэх намрын шинэхэн бороо орж буй төрхийг цонхоор ширтэнгээ гараа нэгэн жигд хөдөлгөсөөр. Түүнийг харах даруйд ой гутаж, гар чичрэх айдас ч намайг орхин одов. Тэр энэ мөчид намайг доромжилж, өвтгөх чадалгүй байгааг нь мэдсэн болохоор ингэж байгаа биз. Яг одоо Чэнлэ ямар өрөвдөлтэй харагдаж байгааг дурсахыг ч үл хүснэ.

"Н-намайг тэврээд өгөөч"

Зөв сонссон эсэхээ бодож дуусаагүй байтал тэр шуудхан энгэрт минь шигдэх нь тэр. Улам илүү уйлж эхлэхэд нь харин тайвшрав. Миний хэлснээр үнэхээр тэврэлт л дутсан бололтой. Хэдийн насанд хүрсэн ч ямар нэгэн эр хүйстэн миний энгэрт ийн шигдэж байсан удаа үгүй. Сургуулийнхаа өвөрмөц тогтолцооноос болж насанд хүрсэн ахлах сургуулийн сурагч тул хааяа нэг залуусын нүдийг өөр дээрээ унагах нь элбэг. Гэвч бага насандаа бүх эрэгтэй хүүхдүүдийг Жун Чэнлэтэй ижил нүдээр хардаг болсон тул миний сонирхол төрдөггүй. Тэр миний хамгийн бараан дурсамжуудын нэг.

Би аль болох сандрахгүйг хичээв. Өөрийн мэдэлгүй түүний үс рүү гүйх гараа захирч чадалгүй суутал завсарлагаа эхэлснийг хонх чангаар хангинаж мэдэгдлээ. Чэнлэ намайг түлхэх нь холгүй босоод цүнхээ шүүрсээр ангийг орхив. Удалгүй ангийн хүүхдүүд орж ирсээр анги дүүрлээ.

Чийгтсэн дүрэмт хувцасныхаа зангиаг гараараа арчсаар ангиас гарав. Чэнлэг хайхыг хүсэж байв ч олсныхоо дараа юу хийх эсэхээ мэдэхгүй нь. Ийш тийш харж, яаран алхах байснаа би гэнэтхэн зогсов. Түүнийг оллоо гээд би яана гэж? Хуучных шигээ элдэв бусаар хараалгах зам руугаа өөрөө яаран алхаж байвал яана? Би буцан анги руу алхав. Уйлж байхад нь хажууд нь байж, энгэрт минь шигдэхийг зөвшөөрөхөөс илүү би түүнд яаж туслах ёстой гэж? Надаас нэг ч уучлал гуйгаагүй, бүр одоо намайг таньж, тэр үеийн охиныг санадаг эсэхийг ч би мэдэхгүй.

Wrong Time, Right PersonWhere stories live. Discover now