first day

47 11 0
                                    

"Инээмсэглээрэй"

Гэрэл зургийн аппарат.

Чаг хийн дугарах чимээний дараа аппаратнаас урсан гарах миний хагас инээмсэглэлтэй поларойд гэрэл зураг.

Нарны хурц туяанд гялтайн, нүд гялбуулах тэр хурц мөнгөлөг өнгө.

Зураг дарж буй бүсгүйн эгэлхэн даруу, нэг л дотно байдал.

Бас тэр шаргал даашинз. Шулуун ухлаадастай урт хормой...

Мөчидхөн болтлоо тайрсан шингэн үс нь салхинд үе үе хөвсөлзөж, агаарт түүний үнэр тархах бөгөөд яагаад ч юм булбарайхан цагаан гарыг нь атгаад бүх дэлхийг тойрмоор санагдсан юм. Тэр үед. Аадар бороо асгарч нар шардаг дэлхийг бус, гуниглахад тэнгэр бүрхэж, сэтгэлтэй нэгэндээ хүрэхэд догдлон дэвхцдэг бидний дэлхийг.
Миний дэлхийд аадар бороо нулимс юүлэн асгарч, нүдний минь оч цахилгаан мэт цахилдаг. Цэвдэгтэн мөстсөн газрын хөрс мэт царай минь хөших мөчид би хүртэл тэсэхүйеэ бэрх тийм хүйтэн болж, удалгүй цас шуурдаг. Тэгээд дараа нь зөөлөн хаялдаг. Энэ бол миний оволзсон их уур уцаар, багтаж ядаад шуурсны дараа өөрийн эрхгүй гомдлоос эх авч түүнийгээ ширхэг ширхгээр хаялах мөч. Гэхдээ удаанаар.

Тоор мэт уруултай хөөрхөн бүсгүй. Шаргал царайнд тодорсон илэрхийлэх үгсгүй тийм нэг хачин сайхан инээмсэглэл түүнд бий. Намайг харцаараа удирддаг бүсгүй, миний өрөөг үнэрээрээ дүүргэдэг бүсгүй. Хүзүүн дээрх бяцхан хар мэнгэ нь ямар ч хувцсан дээр сайхан зохиж, түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг тэр бүсгүй.
Зуусан тамхины нь үзүүрт хөөрхөн улбар ягаан будаг тогтож, түүнийгээ нарийхан хуруугаараа арчих мэт тоглох эгдүүтэй төрх нь эгээ жаахан охин шиг санагдахуй.

Зөөлөн сонсголонтой хоолойтой, тэгээд бас ярих зүйл ихтэй. Дэргэд минь тасралтгүй шулганаж, сууж босохдоо хүртэл шинэ сонин гаргаад ирдэг тэр бүсгүй. Нүдээ хагас аниад хөөрхөн инээдэг хэр нь ээ үргэлж нэг тийм нууцлагдмал. Надад бүхнээ дэлгэж харуулсан мэт боловч, угтаа түүний тухай юу ч мэдэхгүй юм шиг бие зарс хийлгэдэг хачин мэдрэмжтэй би өглөө бүрийг угтдаг байв. Тэр бүсгүй уйлдаг, инээдэг, ярьдаг гэхдээ хэзээ ч жинхэнэ төрхөө харуулаагүй. Үхэн үхтлээ надтай хамт байх юм шиг, үргэлж шаргуу хичээж миний дэргэд аз жаргалтай байх юм шиг өч төчнөөн зүйл над амласан атал...хэзээ нэгэн өдөр намайг ...энэ өрөвдөлтэй намайг орхиод цор ганцаар дэлхийгээ арччихсан тэр бүсгүй.

Нулимсгүй гансрал нүдийг минь бүрхэж, надгүй ганцаардал намайг бүчнэ. Санаж байсан ч хэлэхгүй, мартах гэж хичээхгүй ч зөнгөөр нь орхихгүй. Зөвхөн бодож л чадна. Тэр үнэт дурсамжууд аа.

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now