nineth day

18 8 0
                                    

Шавар шавхай дүүрэн гудмаар хэн нэгнийг даган алхаж буйгаар өөрийгөө зүүдэлж байснаа саналаа. Гудамжны гэрэл төдийхөн орчныг бүрэн гэрэлтүүлж чадамгүй харанхуй биднийг бүчиж би бүдчин алхалсаар л байв. Тэр хэн байсан юм бол доо? Зэгсэн ногоон саарал өнгө агаарыг хучсан мэт нэг л хуучны бас танил хачин уур амьсгал. Сэрийж сарайсан хар банзан хашаа болон тарчигхан байшингууд.

Хаа сайгүй хэц татаж өнгөө алдсан зүсэн зүйлийн хувцаснууд тохоотой байсныг хальтхан санаж байна. Хаанах байсан юм бол доо?
Яг л миний гэр мэт...дэндүү дотно. Яг л миний өсөж торнисон ахуй шиг бараан гэхэд хэтэрхий бараан мөртөөн дулаахан тэр оромж.
Золбин муурнууд ноололдон мяулцгаан, гудамжны ноход хүр хүр хийн хуцалдах чимээ одоо ч чихэнд минь тодхон байх. Хацар нь халтайж хувцас нь ноорсон үеийн жаалхан хүүхдүүд шороогоор тоглох ба айлын авгайцуул элдвийг хамж шимэн ярилцах зуурт томоо саванд хувцас угаана. Нидрүүлэг. Мод нь элэгдэж, төмөр долгион бүр нь цайж олоон жил хэрэглэсэн нидрүүлэг.

Тэр бүхнийг харуут би тэр дотно уур амьсгалын нөлөөнөөс болоод ч тэр үү уйлчихсан юм. Гэхдээ инээмсэглээд. Гашуудалтай яа инээмсэглэж нүднээсээ нулимс цувуулан зогсохдоо үүнийг миний гуниг мөн эсэхт эргэлзэж байхуй дулаахан зүүднээсээ аанай нулимстай сэрлээ. Би зүүднээсээ айж байна. Эдгээр зүүдний уур амьсгал намайг алж байна. Гунигтай хэр нь жаргалтай.

Энэ бүхний эхлэл...балчирхан хүүгийн гомдол байсан. Сая л саналаа шүү дээ. Бяцхаан хүү байхдаа авсан тэр сэтгэлийн шарх өнөөдрийн намайг энэ хүртэл алхуулжээ дээ. Өөртөө эргэлзэн үнэн эсэхийг тунгаахын тулд өдөрт хэдэн зуун удаа хагас галзуурдаг өнөөдрийн өрөвдөлтэй намайг.
Би агаарт жингүйдэх мэт алхалсаар өдрийн тэмдэглэлээ хайж эхлэв. Хаа нэгтээ тоосонд дарагдаад хэвтэж байгаасай гэж хүссэн авч хаанаас ч олсонгүй. Бор хавтастай тэмдэглэлийн дэвтрээ олсонгүй, харин урагдаж хоцорсон хэсэг хуудас цаасыг л олж үзэв. Түүн дээр хайш яайшхан бичгээр "Хэн ч намайг хайрладаггүй. Би эндээс явмаар байна" хэмээн дурайтал бичсэн байх нь энэ.

Хэн ч намайг хайрладаггүй...бүгд надад дургүй...энэ бүх л хүний багадаа боддог бодол биш гэж үү? Бүх л хүн амьдралынхаа туршид ядаж хэдэн сарын хугацаанд ийн бодож өөртөө эсвэл өрөөлд гоморхдоггүй гэж үү?
Гэтэл би энэ л бодлоос эхлэн өөрийгөө хувааж өрөөлийг хороосон хэрэг үү? Үгээрээ...
Энэ бүх хугацаанд мэдэрснээс ч илүүгээр, хамгийн сул дорой нь би байж шүү дээ. Тэд биш.

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now