fourth day

27 8 0
                                    

Шанаа даган урсах шингэн зүйл аньсганаас урссан бол би ойлгох байсан.

Энэ юу вэ? Хөлс үү?

Дэр минь нойт оргиж, чийг дааж өрөө тэр чигтээ мөсөн хонгил мэт хүйтэн. Энэ сэрүүн агаар хаанаас ороод байна вэ?

Цонхоор нар тусч байгаа шүү дээ. Гадаа дулаахан байна, гэтэл миний байшинд хүйтэн. Миний хөнжил хүйтэн.

Цус царцаж буй мэт хөдөлгөөн минь ч хөшүүн бас хайнга.
Айдсаас болсон байх. Миний айдас намайг царцааж байна.
Харах орчин минь манантах мэт бүүдийжээ. Бор хүрэн ханын цагаан оруулга анх ихээхэн тайвшруулж, тэврүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан сан. Гэтэл одоо өгөр ногоон өнгөнөөс ч хүйтэн бас аймшигтай харагдаж байна...байз! Өгөр ногоон гэв үү? Тийм өнгөтэй хана манайд бий шүү дээ. Ариун цэврийн өрөөнд бас гал тогооны өрөөнд. Сүүлд хэзээ тийш зүглэсэн билээ? Би санадаггүй...

Босох хэрэгтэй, тэгээд очиж харах хэрэгтэй. Тэр үзлийн хүйтэн өнгө надад одоо ямар санагдахыг мэдрэх хэрэгтэй.

Тав арав алхах төдийд тархи дайвалзан хана тэмтэрч түшлээ. Нүд харанхуйлж өнөө манан будан миний тархинд буух шиг л болов. Тэгээд хана налаад гал тогооны ханыг хархад өөрийн эрхгүй инээд хүрнэ. Энэ аймшигтай байсан гэж үү? Энэ өнгө надад айдас бас жихүүцэл өгдөг байсан хэрэг үү? Ингэж бодохын сацуу түшиж буй хана минь миний нэг хэсэг мэт, би хана түшээгүй мэт санагдаж эхэллээ. Ахиад л эхэллээ. Уначих юм биш биз дээ? Би яг л хана шиг хүйтэн... арьс минь хатуурч өөртөө хүрэх аргагүй болсон мэт санагдахуйд бачууран өөрийгөө хянах өчүүхэн мэдрэмжээ сул тавьчих гээд байх нь энэ. Би унах нь байна.

Ор руугаа очиж чадалгүй хөл алдан доош суучхав. Би. Эсвэл тэр. Хана уу? Эсвэл хүн үү? Алин байсан үл хамааран тархи минь энэ бүхнээс завсарлага авах шүгэл үлээж нүдээ аних мөчид оргүй хоосон хана чихэнд минь бүүвэйн дуу аялж эхэлнэ. Би унтах гэж байх шиг ээ.

Ногоон...гэхдээ сааралтсан. Хайнга зуурсан бетон арзайж будах үед нь будаг нь урссан мэт...бас энхэл донхолтой. Ямар ч ханын цаасны хээ болон зураггүйгээр гайхалтай урлагийн бүтээл шиг санагдав. Тэр ногоон хана. Хүйтэн бас хүйтэн өнгөтэй. Намайг тэврээч?

Толгойг минь илээд, ээждээ эрхэлдэг байсан хүүхэд насанд минь аваачаач? Эсвэл ядаж над руу мишээ. Ногоон...хана минь.

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now