seventh day

20 7 0
                                    

Хэзээнээс ч юм уур минь дүрэлзэн шатаж биеийг минь, оюун тархийг минь үнс нурманд хутгах боллоо.
Хэзээнээс? Киноны тухай бодсон тэр өдрөөс хойш. Өчигдрөөс...хачин юм. Өнөөдөр сэрэхдээ л ууртай сэрсэн атал яагаад өчнөөн олон сар жил утга учиргүй уурласан мэт адгийн хорсолтой мэдрэмж чээжийг минь ингэтлээ сийчээ юм бол?

Өлсөхгүй байгаадаа уур хүрч байсан ч удалгүй өлссөндөө уурлаж эхлэв. Хоол хайн хөргөгч онгойлгосон ч үнэндээ хов хоосон байсанд гайхаш төрж, хэзээ хамгийн сүүлд хоол хийж идсэнээ санахыг хичээгээд санаж чадахгүй байгаадаа уурсан хөргөгчний хаалгыг тас хийтэл савлаа. Эвдэрчихсэн. Хаалга нь салаад уначихсан. Ахиад л багтартлаа уур хүрэв, би одоо хүнс аваад юунд хадгалах билээ? Байшин дотуур тойрон алхах үед хаа сайгүй тоос тортог байгаа нь миний чээжинд буй хилэнг бас л асаасан юм. Хүн огт амьдардаггүй мэт тэдгээр хуруу дарам тооснууд яагаад сэтгэлийг минь дарсан мэт санагдана вэ? Өдий хүртэл юу ч хийлгүй хэвтсээр байсан би өнөөдөр тэр цаг хугацаандаа уурсан хашхичихын хэрээр хоолой минь үзэн ядалт болоод өнчин гансрал тээсээр зүрх тасчин хаях мэт болно. Ахиж хашхирахгүй. Энэ цөхөрсөн гомдолтой хоолойг сонсмооргүй байна.

Би хашхирч чаддаггүй байснаа, айдаг байснаа тэгхэд дахин ойлголоо. Үнэхээр л зүрх чичрэм айдас хургасан гаслант хашхираан.
Уур хилэн минь даргитал буцлах халуун ус шиг уур савсуулан үсчиж, бяцхан халуун дуслууд намайг түлэх мөчид асар их хорсоно. Хорсол. Асар ихээр...намайг хатгаж дотрыг минь савчиж эцэст нь би гараа зангидан бүхнийг сүйдэлж эхэлсэн юм.

Өөрийн гэрээ сүйтгэж, дотор минь дэвхцэж асан тэр халуун галыг намжаахын тулд байдаг чадлаараа бүгдийг эвдэж хэмхчив. Хэн нэгэн над ад ёрын хоолойгоор шивнэж байлаа.

Тольнуудыг хагал! Хагарсан тэдгээр шилний хэсгүүдийг ч бутал.
Арьсан буйдангаа ур. Цоо хатгаж доторхыг нь гарга, чам шиг болох вий...тэр зурагтыг, энэ шүүгээг ч татаж унагаа! Бүгдийг нь эвдэж хая. Энэ бүгд чинийх. Энэ уур хилэн энэ эд хэрэгсэл...би. Бүгд чинийх...

Тийнхүү би өөрийн бүхнээ эвдэн хэмхчиж, галзууртлаа уурласан хилэнт зүрхээ аргадахын тулд энэ өчүүхэн гэр орноо яг л хогийн цэг мэт болгож орхилоо. Үр дүнд нь харуй бүрийтэй золгоход харанхуй бүх дэлхийг минь хучсан юм. Хүйтнээр тэвэрч.
Тог байхгүй шүү дээ...би тасалчихсан юм чинь. Харин нэг л мэдхэд ганцаараа байхаа больсноо ойлгож авна.

Би ганцаараа биш. Миний гуниг гутрал, уур уцаар, баяр баясал...гомдол шаналал ба миний өр өвтгөм дурсамжууд. Нэгэнт би өнөр өтгүүлээ болсноос хойш...танилцах үдэшлэг зохиоцгооё!

《Шаазан Түүхүүд: Арван нэгэн өдрийн бодол》Where stories live. Discover now