"Өглөөний цайны цаг боллоо. Бүх охид хийж байгаагаа орхин хоолны зааланд ирнэ үү"
Энэ үгийг сонсох үедээ би өөрийнхөө маш их өлсөж байгааг мэдэрч байлаа. Ядахдаа ус ч уугаагүй болохоор золтой хорчийж үхэх гэж байгаа юм шиг л санагдана. Яах вэ өнөөдрийг давчихвал маргааш өглөө хоол, устай золгочихно. Гэхдээ энэ байдлаараа өнөөдрийг давж чадах нь уу, үгүй юу.
Уруул хатсан байгаагаа мэдрэн дээш өндийхдөө хурдан цэвэрлэгээний цаг болоосой л гэж хүснэ. Ядаж гурван давхраас хулгайгаар ч болтугай юм олж уух сан. Гэхдээ тэр давхрыг цэвэрлэх шаардлагагүйг Жоссын ачаар мэдэж авсан л даа. Шөнөөр л өнөөх үйлчлэгчид нь ирж цэвэрлэдэг байх. Биднийг зүгээр л хийх юмтай байлгах шалтаг нь цэвэрлэгээ. Гэхдээ энэ далимаар Винсенттэй дахиад таарах ч юм билэв үү? Ийн бодохдоо би баруун хананд байрлах жижигхэн толь руу босож очин өөрийгөө хараад үсээ бага зэрэг янзлав. Виллиамын ажлын ширээн дээр боолтоо орхичихдог би ч тэнэг юм даа. Гэхдээ надад задгай үс маань тийм ч муу харагдахгүй байсанд бага зэрэг тайтгарна.
Ямар нэг төлөвлөгөө байхгүй ч юун түрүүнд гурван давхар руу гаръя. Виллиамтай таарвал тэр намайг өчигдрийн явдлаас болж үл тоох нь гарцаагүй. Эсвэл бүр дооглож, үг хаяж ч мэднэ. Таарахгүй бол сайхан байхгүй юу...Харин Винсенттэй таарахыг дотроо хүсэж байгаагаа бол мэдэж байлаа. Гэхдээ ингэж болох үгүйд эргэлзэх юм. Саяан түүнд хайртай гэсэн шүү дээ. Энэ бүх хугацаанд надад тусалж, намайг хамгаалж, миний талд байсан ганц хүн нь Саяан.
Толь руу харахад өөдөөс минь хагарсан уруултай, шулуун хар үстэй, цайвар арьстай өнөөх л Кара байх боловч дотор хүн минь өөрчлөгдөж эхэлсэн нь нүдэнд харагдах шиг болно. Анхнаасаа олж нээгээгүй муу чанар уу эсвэл энэ бүх хүчирхийллийн эцэст сэтгэцэд минь муу чанар сууж эхэлсэн үү?Хаалга онгойж харгалзагч үг хэлэх ч шаардлагагүйгээр гарч ирэхийг толгойгоороо дохилоо. Өлссөндөө дотор салгалан явсаар нэг мэдэхэд гурван давхрын хаалганы өмнө хувин, алчуураа барьчихсан зогсож байсан минь энэ.
Тогтуун бус байсан сэтгэл улам ийш тийшээ савчсаар дотор ороход азаар хэн нэгэн байсангүй. Виллиамын ширээ эзгүй байсан тул бага зэрэг тайвшран хэнийг ч юм нүдээрээ хайлаа. Хэн гэдэг нь ойлгомжтой байгаа ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.
Тэд хамт гараад явчихсан юм болов уу?
Өрөөнүүдээр шагайн явахад бараан бор өнгөтэй нэг хаалга бага зэрэг онгойсон байгааг хараад би дотор нь хүн байгаа гэж таамагласан тул хоёр тогшоод хаалгыг зөөлөн түлхлээ. Дотор руу шагайвал төсөөлж байсанчлан Винсент тамхи угсруулан сууна. Орноосоо босоогүй байгаа бололтой цээж нүцгэн байх ба орныхоо толгойг налжээ.
Би ч хувингаа барин дотор ороод "Цэвэрлэгээ хийж болох уу?" хэмээн итгэл тээн асуулаа. Энэ өрөөнөөс эхлэх албагүй, ер нь цэвэрлэх ч шаардлага байхгүй л дээ. Би ер нь юугаа хийгээд байна аа.
YOU ARE READING
Танилцах аппликейшн
RandomТэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)