The dress

618 58 1
                                    


Би түүнийг дагасаар хоёр давхрын зүүн жигүүр лүү эргэж хамгийн мухрын өрөөнд ирэв. Замд минь олон хаалга таарсан ч бүгд дангинатал түгжээтэй харагдана. Харин одоо бидний өмнө нь зогсох өрөөний хаалга нь будаггүй, модны хээ нь харагдах тийм энгийн хаалга байлаа. Жин халааснаасаа түлхүүр гарган цуургыг зөөлхөн эргүүлэхэд оньснууд нь тачигнан дуугарах нь хүртэл сонсогдоно. Тэгээд тэр надад хаалгыг онгойлгож өгөн орохыг хүсэв. Дотогш орвол яг л миний төсөөлж байснаар томоос том унтлагын өрөө угтан авсан юм.
Цонхнуудыг зузаан хүрэн хөшгөөр хааж харанхуй болгожээ. Өрөөн дотор ороод зогсох үед миний баруун талд элбэг гурван хүн багтахаар цэлгэр ор, тойруулаад нимгэн торгомсог тюль унжуулсан байв. Зүүн талд минь хувцасны хүрэн бор шүүгээ, цайны жижигхэн дугуй ширээ, тойроод хоёр түшлэгтэй сандал байлаа. Хаалган талын хананд гялтганасан зэс хүрээтэй зуувин толь өлгөөтэй байна. Товчхондоо зөвхөн дээдэс залардаг гэмээр сайхан өрөө байсан юм.
Жин ардаас орж ирэн хаалгаа хаагаад миний хажуугаар зөрөн хөшигнүүдийг яран дэлгэв. Одоо л нэг юм гэгээ орон өрөө улам чиг цэлгэр харагдаж эхэллээ. Удаан хаалттай байсан учир ярахад тоос босон, цонхоор тусах гэгээнд агаарт ихээхэн тоос бужигхан нь харагдах ажээ. Бужигнасан тоос хамрыг минь загатнуулан найтааж орхивол Жин даруй надад энгэрээсээ алчуур сарвайгаад цааш очиж хамгийн цаана байх цонхыг багахан нээлээ.
-Зүгээр дээ, баярлалаа.. гээд хамраа арчин хэлбэл
-Удаан хугацаанд хүн байгаагүй болохоор тоос шороондоо дарагдчихаж, уучлаарай.. гээд зузаан тоосонд дарагдсан ширээг хуруугаараа арчиж үзлээ.
-Тийм байх нь. Урьд нь энд хүн байсан уу?
-Хммм.. Миний санахын үгүй.
-Тэгвэл яагаад урьд нь хүн байсан юм шиг ярина вэ?
-Удаан хугацаанд гэдэг нь анхнаасаа л гэсэн үг.
-Анхнаасаа гэнээ? Та нарыг энд амьдардаг болсноос хойш уу? Та нар энд хэр удаан амьдарсан юм бэ?
-Маш, маш урт хугацааны туршид энд амьдарсан.. гэж үгээ сунган хэлэх нь түүнийг ядраасан мэт санагдана.
-Тийм байх нь ээ..

Дахиад юм асуухыг хүссэн ч энэ удаад болилоо.

-Та энд тааваараа байж болно. Сайхан амарч, алжаалаа тайлаад байж байгаарай. Би тань дээр оройн хоолноос өмнө ирэх болно. Долоон цагт..гэж хэлээд тэр гарч одлоо.

"Гайхалтай юмаа, хэдий тэд бага зэрэг сонин хүмүүс байсан ч Жин их боловсон юм, бас энэ өрөө надад таалагдаж байна" хэмээн бодоод ор луу очин суув. Хөл минь багахан янгинахаар нь харвал гутал үгүй удаан явснаас болж бага зэрэг зөөлөн хар шороо наалдаж, хүйтэн шалан дээр яваад байсных бээрч хөхөрсөн байлаа. "Магадгүй надад халуун ус хэрэгтэй байх.." гэж өвдгөө тэврэн санаа алдав. Тэгээд өрөөн дотуур гүйлгэн цаг хайвал цонхны хажууд урт дүүжинтэй цаг байлаа. Цагийн зүү гурвыг зааж байсан тул халуун усанд орох элбэг зай байна гэж сэтгээд босон өрөөнөөс гарлаа.
Гэтэл би чинь халуун усны өрөө хаана болохыг асуугаагүй шүү дээ. Хаанаас олох билээ..

Unknown world(Completed)Where stories live. Discover now