Бага ангид байх үе. Бүгд намайг тарган хэмээн шоолдог байв. Миний насныхан бүгд л жижигхэн биетэй туранхай харин би яг л жихмэл бамбарууш шиг байлаа.
Хүүхдүүд хажуугаар зөрөхдөө албаар мөргөчихөөд "бүдүүнээ замаа хараач" гэнэ.
Биеийн тамир орж байх үед хэрвээ багш бид нарыг бөмбөгнөөс бултаж тогло гэвэл том биетэй удаан хөдөлгөөнтэй надруу бөмбөгөө нүүлгэнэ.
Өдрийн хоол идэж байхдаа хэн нэгэнд харагдвал "хар даа, гахай дахиад л идэж байна" гэцгээнэ.
Бага ангийн 6 жил би бусдад дээрэлхүүлж өнгөрөөх нь хэмээн бодсоор 5-р ангид орох үед хүүхдүүд намайг дээрэлхэхээ больж өөр хүүхэд дээрэлхэх болсон.
Тэр хүү надаас ч бүдүүн, шинээр ирсэн сурагч байсан юм.
Онигор нүдтэй, булцайсан хацартай тэр хүү хүүхдүүд өөрийг нь дээрэлхээд байхад инээгээд л байдаг байлаа. Мангар хүн шиг.
Би заримдаа түүнийг яагаад буцаагаад зодолдоггүй юм бол гэж гайхна. Учир нь охидоос ялгаатай нь тэр эрэгтэй хүүхэд, бусдаас том биетэй, хүчтэй биш гэж үү? Тэр зодолдвол өөрийгөө хамгаалж болох байтал инээгээд л байдаг. Сонин туулай шиг 2 шүдээ цухуйлган, нүдээ онийтол инээнэ.
- Хөөе, Ан Хежин, сэрүүн зүүдлэхээ хэзээ болих гэж байна? хэмээх найзынхаа дуунаар цонхны цаана гүйлдэх бага сургуулийн сурагчдаас харцаа салган эргэлээ. Миний ахлах сургуулиасаа хойш найзалсан найз Хэин ард минь зогсож байх бөгөөд жижигхэн ууртай нохой шиг эгдүүтэй харагдана.
- Яасан бэ? Гэсээр би түүний толгойг илэх гэтэл тэр ууртаагаар гарыг минь түлхээд
- Бюл эгч дуудаад байна. энэ удаад хоцорвол алуулахаа мэдэхгүй юу? Ажлаас зугатаалаа гээд хичнээн үглэх бол?
Хэин хэтэрхий үглээ, аймхай, бас муухай ааштай. Гэхдээ хамт байхад зугаатай байдаг юм. Би түүнийг дуугуй л даган алхсаар бага сургуулийн биеийн тамирын талбайд гарч ирэхэд дээд дамжааны эгч нар надруу ууртайгаар харсаар угтав. Тэд нар ч гай шүү.
- Хөөе, Ан Хежин хэмээн Солар эгч хөмсөгөө зангидаад чи ажлаас зугатаахас залхахгүй байна уу? Гэж ташаагаа тулахад ард нь хүүхдүүдэд хоол бэлдэж зогссон доод курсынхэн намайг алуулах нь гэсэн мэт харц шидэлцгээнэ.
- Та харин үглэхээс залхахгүй байна уу? Би нүдээ эргэлдүүлэн хэлэхэд Солар эгчийн нүд томроод ам нь ангалзаад л, доод ангийнхаа дүүгээс сонссон хүндэтгэлгүй үгэндээ итгэж ядах мэт бачимдаж байлаа. Инээдтэй гэдэг нь.
YOU ARE READING
ХАЛЬТ ТАНЬДАГ БҮДҮҮН ЗАЛУУ (Дууссан)
RomanceОнигор нүдтэй, булцайсан хацартай тэр хүү хүүхдүүд өөрийг нь дээрэлхээд байхад инээгээд л байдаг байлаа. Мангар хүн шиг. Тэр зүгээр л миний хальт таньдаг бүдүүн залуу. Loco X Hwasa