Өнгөрсөн бүхэн түүх болж үлддэг. Харин тэдгээрээс чухал гэсэн нь л дурсамж болон үлддэг. Миний дурсамж дурдатгал, бусдад дурсагдан үлдэх том үйл явдал биш, гагцхүү миний зүрх сэтгэлд хадгалагдан үлдсэн тэр л дурсамж.. Миний дурсамж бол жирийн нэгэн өнчин охины амьдралын түүх билээ.
Намайг Мүн Хэжин гэдэг. Арван насандаа эцэг эхээс өнчирч асрамжийн газарт очиж байсан минь олон жилийн өмнөх боловч саяхан мэт тодхон санагдана. Нэг л мэдэхэд очих гэргүй, оочих аягагүй болсон би нэгэн насаараа өнчин хүн болж, нэрний минь ардаас дагалдах тэр гуншинг хүлээн авсан билээ. Өнөр хүнд нөхөр олон, өнчин хүнд ноён олон хэмээхийн учир өнөө маргаашийн зовлон дуусашгүй их байдаг байлаа. Хамгаас их хүсэн мөрөөддөг зүйл минь гэр бүл байсан боловч хүсэх тусам хясна гэгчээр олон жилийн турш асрамжийн газар байсан ч намайг нэг ч гэр бүл үрчилж авахаар ирж байгаагүйг санадаг. Асрамжийн газар гэр минь болж, ангийн багш ээж минь болсон юм даа. Яагаад намайг хүн үрчилж авдаггүй байсныг би хэзээ ч ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй юмдаг. Учир явдлыг бүүр түүрхэн сонсох нь ээ миний эцэг эх муу нэртэй, олон хүн мэддэг хүмүүс байсан тул хэн ч намайг үрчилж авахаар ирдэггүй байсан гэх боловч магад гадаад гэр бүлд үрчлүүлж болох атал огт тийм зүйл болоогүйд би асрамжийн газрынхандаа битүүхэн гомдож явдагаа нуух юун. Гэвч тэр бүхэн л өнөөдөр миний дурсамжийн эхлэл болж, би гэдэг хүн бий болоход нөлөөлсөн хэрэг байж дээ.
Асрамжийн газрын багш нар намайг олноос онцгой болохоор энд ирсэн гэдэг байж билээ. Тайтгаруулж байгаа нь тэр байсан аж. Орой бүр орондоо уйлдаг байсан болохоор сувдан нүдтэй уйланхай охин хэмээгээд үргэлж тойглодог байсныг нь би хэзээ ч мартахгүй.
Тэр нэг жил арван нэгэн нас хүрэх үед асрамжийн газар нэгэн хүн ирсэн юм. Тэр хүн хүүхэд үрчилж авсангүй. Харин асрамжийн газрын багш нартай дотно сайхан мэнд мэдэж хэсэг байзналаа. Жаахан охины нүдэнд өндөр том ах, үлгэрт гардаг ханхүү шиг санагдаж ардаас нь захирлын өрөө хүртэл дагаж билээ. Тэр ахыг Хун Жисү гэдэг байсан бөгөөд надтай адил өнчин байжээ. Энэ газар түүний ч бас гэр байсан аж. Нэлээн хэдэн жилийн тэртээ гадаад гэр бүлд өргүүлэн эндээс явсан бөгөөд хожим хойно хуучин гэрээ эргэхээр ирсэн нь энэ байв. Захирлын өрөөний үүдээр шагайн зогсож байхад минь тэр ах гэнэт эргэн харж намайг олоод харчихлаа. Тэр даруй би ум хумгүй тэндээс гүйн гарч тоглоомын талбайд хүрч очив. Харин тэгтэл тэр үед намайг үргэлж дээрлэхдэг хажуу өрөөний жаал хоёр гурван өөр хүүхэдтэй цуг ирээд намайг дамшиглаж гарав. Усан нүдтэй жаахан охин юу юугүй уйлж эхлэхэд тэд тойрч зогсоод шоолж эхэллээ. Газар явган суугаад нүдээ даран уйлж байтал хаанаас ч юм хэн нэгэн том хүн хүрч ирээд нөгөө муу жаалуудыг загнаад хөөгөөд явуулчихав. Гайхан дээш харвал нөгөө ах зогсож байлаа. Би сочин дээш өндийвөөс тэр ах миний өмнө өвдөглөж суугаад инээмсгэлэн "Битгий уйл даа, ах нь тэд нарыг сайн хэлээд явуулчихсан болохоор одоо зүгээр" гээд шороо болсон хувцсыг минь гөвж өгөв. Би гайхан бүлтэлзсэн хэвээр, нүднээс минь ганц хоёр дусал нулимс урссаар байх бөгөөд тэр ах олж хараад "Энд тэнд нь өвдөж зовсон юм байна уу?" гэж санаа зовсон байртай асуув. Би үгүй үгүй гэж толгойгоо сэгсэрвэл ах инээмсгэлэн нулимсыг минь арчиж өгөөд "Сувдан хоёр нүднээс чинь дахиж нулимс бүү унаг" гэж билээ. Магад түүнээс хойш би нүднээс гарах нулимсаа цэгнэн цэгнэн залгих болсон биз. Тэр ах зүгээр тэгээд явчихсангүй. Намайг дагуулан явж амтат мөхөөлдөс, чихэр жимс авч өгсөн бөгөөд надад өөрийнхөө нэрийг хэлж өгсөнөөс өөр зүйл хэлээгүй билээ. Би өөрийгөө мөн танилцуулан ахад талархснаа илэрхийлээд салахдаа түүнээс хоёр зүйлийг авч үлдсэн юм. Нэг нь түүний надад бүү уйлаарай гэж дурсгасан алчуур, нөгөө нь түүнийг дахин харна гэсэн итгэл байлаа.