Хажууд байх чинь аз жаргалтай, бас гаслан зовлонтой. Та зүүд зэрэглээ мэт, өнгийн солонго мэт. Үзэсгэлэнтэй, харахад ойр. Гэвч хүрэхийн аргагүй хийсвэр, бараа туруугүй хол. Сэрүүн зүүдэн дэх хараацай минь байсан юм.
Хорин тав хүрч байлаа. Ухаан сууж тохьтой томоотой амьдрах нас минь хэдийн болсон байв. Дэлгэцийн бүтээлээс гадна тайзны бүтээл, жүжигт сонирхон шимтэх болсон үе байсан юм. Тийм учраас би долоо хоног бүр жүжигт явдаг болов. Бродвэй, солонгосын уламжлалт ший жүжгүүд гээд үзэх зүйл мундахгүй.
Нэг удаа найруулагч надтай хамт жүжиг үзэхийг урилаа. Найруулагч маань их сайн хүн, надад үргэлж туслана, дэмжинэ. Миний үгийг сонсоно. Намайг жүжигт дурлаж байгааг мэдээд хамт жүжигт явах болсон юм. Зүгээр ч хамт явах биш, үргэлж тухайн өдрийн жүжгээс эш татан зааж зөвлөдөг байсан. Тэр өдрийн жүжиг "Маргад хотын шидтэн ОЗ" гэх зохиолын жүжигчилсэн тоглолт байв. Оройн долоон цагийн үзвэр байсан тул өдөр нь надад тасалбараа шуудангаар явуулаад театрт уулзахаар боллоо.
Товлосон цаг болоход би театр дээр ирсэн байв. Харин тэгтэл найруулагч над руу утасдлаа. "Би өнөөдөр цагтаа очиж чадахгүй нь. Уучлаарай. Харин дотор Жошуа ирчихсэн байгаа байх. Түүнийг энэ удаа хамт үзэхийг урьсан юм л даа. Ороод цуг сууж байгаарай" гэдэг юм байна. Би ч сэртхийн, найруулагчийг иртэл бид хоёр л үзнэ гэж бодохоос сэтгэл санаа үймрээд явчихав. Дотогш суудал руу ороод эгнээндээ ирвэл тэр хэдийн ирчихсэн сууж байлаа. Би амьсгаагаа даран очиж суудалдаа суув.
"Оройн мэнд, Шэрли. Та үнэхээр сайхан харагдаж байна" гэж зөөлхөн дуугарахад нь хамаг шар үс босчих шиг болов. Үзэгчид хэдийн суудлаа эзлээд жүжиг эхлэхэд бэлэн болсон байсан тул ингэж шивнэх шахам хэлсэн байж л дээ. "Баярлалаа танд. Та ч бас. Таныг бас жүжиг үзнэ гэж бодсонгүй шүү" гэж инээхчээ аядан дуугарвал тэрээр инээмсгэлээд "Би энэ жүжигт дуртай. Зохиолд нь дуртай гэх гэсэн юм. Тэгээд л үзэх гэж байтал Вэрнон та хоёрыг үзнэ гэхээр нь хамт үзвэл зүгээр юм уу гэж бодсон юм л даа. Зүгээр биз дээ?" "Т-тэгэлгүй яахав. Зүгээр зүгээр. Харин өнөөдөр найруулагч бага зэрэг хоцорч ирнэ гэсэн. Таныг энд байгаад баяртай байна. Ганцаараа бол эвгүй шүү дээ" гэхэд тэр хариу хэлэлгүй инээмсгэллээ. Түүний энэ инээд миний зүрхийг зогсоочих шахна. Гуч дөхөж явсан байж жаахан охин шиг догдолж байснаа эргэн санахад хөгжилтэй ч юм шиг. Үнэндээ бид хааяа нэг биш тогтмол таардаг байсан юм шүү дээ. Гэхдээ тэр бүрт бид хоёулахнаа байсан удаа бараг байгаагүй. Бидний байгаа газарт өөр хэн нэгэн заавал хамт байдаг байлаа. Найруулагч, Мишэл, эсвэл өөр хэн нэгэн. Гэтэл яг тэр мөчид бид хоёроос бусад бүх хүмүүс үл үзэгдэгч болчихоод биднээс өөр хэн ч энд байхгүй юм шиг, энэ уур амьсгал, агаар намайг түгшээж байлаа.