Арван найман нас хүрсэн жилээ асрамжийн газраас явах цаг минь болж амьдралын хөлгүй их далайд ганцаар аялах хүндхэн даваатай нүүр тулсан юм. Өнгөрсөн хэдэн жил нь хурааж цуглуулсан жаал жуулхан хэдэн воноороо өөртөө байр түрээсэлж, сургуульдаа сурахын хажуугаар аль таарсан бүхнээ хийж амьдралаа залгуулдаг байлаа. Хорвоо ертөнц гэдэг амьдрал дээр гараад ирэхээрээ асар том, би өөрөө түүний өчүүхэн жаахан хэсгийг ч үл дүүргэм тийм л өдөр хоногууд. Ингэж бодохоор намайг өдий зэрэгтэй хооллож ундалж байсан асрамжийн газрынхан маань үнэхээр насан туршдаа талархаад барамгүй хүмүүс байж дээ. Нүдэн дээр минь л асар олон зүйл өөрчлөгдөж, би биеэ даасан том хүн болох гэж хичээж явсан ч алдах онох, шантрах бүтэлгүйтэх үе маш олон байлаа. Гэвч тэдгээрийн хажуугаар онож явсан үе ч бийг үгүйсгэхгүй.
Аав ээж хоёр минь жүжигчин хүмүүс байсан. Алдар нэр нь цуурайтсан мундаг том жүжигчид байгаагүй ч салбартаа хичээл зүтгэлтэй хүмүүс байсан болов уу гэж боддог. Миний мөрөөдөл тэр хоёртойгоо адилхан жүжигчин хүн болох байлаа. Яасан ч гэнэн явсан юм гэж хааяа боддог юм. Жүжигчин, урлагийн хүн болно гэдэг тийм л сайхан зүйл мэт санагдаж залуу насны ааг омгоор мөрөөдөлдөө хүрэхийн тулд сэтгэл шулуудан орж байсан минь миний амьдралын тэр л алдаж онож явсан үеийн минь бас нэгэн дурсамжуудын нэг билээ.
Хичээл, цагийн ажлынхаа хажуугаар нойр хоолоо хугаслан жүжиг сургуулилж, урлагийн их сургуульд орно гэж мөрөөддөг байсан бөгөөд зав чөлөө л олдвол продакшн, энтэртайнментуудын сонгон шалгаруулалт орж явдаг байлаа. Заримдаа аз таарах юм бол жижиг сажиг туслах дүр, дөнгөж үзэгдээд өнгөрөх жижигхэн дүрүүд надад оногддог байв. Түүндээ тохирох цалин мөнгө ч авчихдаг, нэг хэсэгтээ л боломжийн санагдаж байсан юм. Гэвч үргэлж ингэж жижиг сажиг дүр, зар сурталчилгаанд үзэгдэж өнгөрөөд байх нь зарим үед шантармаар, ингээд орхичихмоор санагддаг байсан боловч амьдралд нухлуулж яваа надад ухарч буцах, нэг ч гэсэн зүйлээс хоцрох боломж байдаггүй байсан нь хожмын надад тус болжээ.
Нэгэн удаа сонгон шалгаруулалтын үеэр надад жижиг оролцон тоглох үзэгдэл боловч нэлээн боломжийн дүр таарсан юм. Өнчин охины дүр байлаа. Ердөө миний байгаа нь л гаргах дүр минь байсан тул энэ тун амархан байлаа. Тэр үед тус киног найруулахаар гадны багийнхан ирсэн байсан бөгөөд, ивээн тэтгэгч, кино багийнхан гээд цөм гадаадынхан, мэргэжлийн улсууд, хөрөнгө зарсан уран бүтээл байжээ. Миний хэсэг болоход би ядах юмгүй дүрдээ орлоо. Харьцангуй амархан дүр, надад ч мөн бага сагахан авъяас байсан тул нэлээд дажгүй болсон юм шиг санагдаж байсан. Тэгээд л өөрийн үзэгдлийг дуусгачхаад орой болтол зураг авалтын газар өнжсөн юм даг. Кино хийнэ гэдэг маш сонирхолтой, асар том үйл ажиллагаа юм билээ. Хүн бүрийн хичээл зүтгэл, баг хамт олны ажиллагаа гээд нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө энд урсаж байдаг юм. Тэр үед залуухан жаахан явсан би хэзээ нэг өдөр өөрийн чадвараар кинонд тоглож, гол дүрийн эзэн болоод дэлгэцэнд дүрээ мөнхөлнө дөө гэж мөрөөдөж явсан сан.
Удалгүй тэр кино зураг авалт дууссан билээ. Гэтэл нэг өдөр надад дуудлага ирлээ. Энэ намайг ажиллуулдаг кино компаниас ирсэн дуудлага байсан бөгөөд намайг шалгаруулалтанд ороогүй байхад дуудсанд би багахан гайхаж байлаа. Явж очтол туслах найруулагч "Найруулагч чамтай уулзах хэрэг байна гэсэн юм" гэлээ. Тэгээд найруулагчийн өрөөнд очин хаалгыг нь тогшвол ор ор гэж байх юм. Явж орвоос дотор найруулагчаас гадна хоёр хүн сууж байлаа. Би амьсгаагаа даран "Би ирлээ найруулагчаа" гээд мэхийв. Найруулагч намайг суухыг уривал би дахин бөхөлзөөд тэднээс нэлээн доор очиж суулаа. "Мүн Хэжин, шинэ залуу жүжигчин. Чи чинь хэзээнээс манайд ажилд орлоо?" гэж асуувал би хоолойгоо засан "Таван сар болж байна аа, найруулагч аа". "Хмм, удаагүй байгаа юм байна шүү. Дөнгөж шинэхэнээрээ байгаа юм байна." гэж найруулагчийг өгүүлбэл түүний баруун гар талд сууж байсан эмэгтэй өлгөж аваад "Шинэхэн ч гэсэн авъяастай, ирээдүйтэй харагдаж байна. Цаашид их юм дуулгах жүжигчин болно доо" гэлээ. Тэр үед би юу болоод байгааг сайн ойлголгүй дэмий л бөхөлзөн байсан сан. Тэр эмэгтэй бол өнөө гадны хөрөнгө оруулалттай киноны ивээн тэтгэгч, түүнтэй цуг яваа хүн бол тэр киноны найруулагч байсныг би таньсан билээ. Манай компаны найруулагч бүдүүн погдгор, хижээл насны хүн байдаг бол тэр найруулагч залуухан эр байсан юм. Гадныхан тунчиг залуудаа амжилтанд хүрэх юмаа гэж бодож байж билээ. Харин өнөө эмэгтэй нь мөн л залуухан, сайхан эмэгтэй байсан сан. Ганган чамин гэж чигтэйхэн байсныг санаж байна. Үнэндээ дараа бодоход тэр эмэгтэй миний хэзээд тийм болно гэж мөрөөдөж явсан үлгэр жишээ байсан юм билээ. Түүнийг Мишэл Ёо гэдэг байв. Харин залуу найруулагчийг Вэрнон Чүэ гэдэг байлаа. Тэр үед залуу найруулагч надаас юу ч асуугаагүй боловч нэвт шувт ширтэж байсныг тодхон санаж байна.
Яагаад тэр үеийг дурсаж байгаагийн учир гэвэл, тиймээ, тэд намайг ивээн тэтгэж, өөрсдийн энтэртайнментэд жүжигчнээр авах гэж намайг дуудуулсан нь тэр байжээ. Ийм боломж арван мянгад ганц л тохиох байх. Ердөө ганцхан дубл үзэгдэлд гараад өнгөрөх дүрээр би Америк явах тасалбараа авсан минь тэр. Миний залуу насны мөрөөдөл зорилго минь алхам алхамаар ойртож, хэний ч санаанд оромгүй хурдан түргэн мэргэжлийн жүжигчин болох гараагаа хийсэн билээ.
Гэхдээ тэр үед ч тэр, хожим хойно ч тэр, жүжигчин болж америк явах минь миний нэг мөрөөдлийг халхалсан өөр нэг мөрөөдөл байсан билээ. Би цаг мөч бүр америк гэх тэр үгийг сонсох бүртээ ганцхан зүйлийг боддог байсан юм. Энэ олон жил мартаагүй сэтгэл дотроо хадгалж ирсэн тэр л залуу эрхэм америкт миний шинэ америк мөрөөдөл болон хүлээж байгаа гэж би хувь заяагаа зохион зурдаг байлаа.