Үнэр нь хүртэл сэтгэл дүүргэн догдлуулж, өөдөөс ширтэх харц нь хацар түлэн цоргиж байлаа. Тэр олон жил өнгөрөхөд хүсэн мөрөөдөж байсан хүн минь ингээд дэргэд гараад ирсэнд итгэж чадахгүй байсан юм.
"Та нар үнэхээр амжилттай ажиллаж байна. Холивүүд дахь ази киноны зах зээл урьд өмнө ийм их амжилтыг олж байгаагүй. Тэр байтугай Хонгконгийн кино компаниудаас илүү ашигтай байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг шүү" гэж Жошуаг хэлэхэд найруулагч "Энэ бүхэн таны л ач. Кино болгоны минь ард байж дэмжиж тусалдаг та наргүйгээр би өнөөдөр энэ амжилтанд хүрч чадахгүй байлаа" гэх бөгөөд тэд ам халан ярилцаж, инээж хөхрөлдөн байлаа. Энд бас Мишэл эгч байсныг хэлэх нь зүйтэй. Тэр ч мөн залуустай сайхан яриа хөөрөө өрнүүлж байсан бөгөөд намайг яриандаа татаж оруулахыг хичээх ч тэр үед би үг дуугарах ч сөхөөгүй ердөө инээмсгэлэн зайлсхийж байлаа.
Хун Жисү анх харахад огтхон ч өөрчлөгдөөгүй мэт боловч удаан ажиглах тутам түүний үг хэл, үйл хөдлөл хэчнээн өөрчлөгдсөнийг мэдэж болохоор байсан юм. Тэр минь анх надтай учирч байсан хориодхон настай цус шингэн залуу биш гуч гарч яваа идэрмэг сайхан эр болсныг нь харах тусам урьд урьдхаасаа илүү хайрлан дурлаж байлаа. Архинд сүүмийсэн нүд нь хундага дарс шиг мэлтэлзэн намайг түүндээ живүүлчих шиг. Түүний дулаан инээмсгэлэл, од мичдийн өнгөтэй. Тэр үед намайг танихгүй байсан ч зүгээр байсан. Жошуа Хун гэх хүнтэй шинээр танилцаж байна гэж бодсон бол надад илүү амар санагдах байсан байх даа.
Бид тэгээд тэр орой архи дарсанд нэлээд халамцаж, цаг оройтсоныг бодолцон тарж одоцгоосон юм. Найруулагч намайг хүргэж өгөхөөр болж, Мишэл Жошуатай цуг явсан. Тэгэхэд би анзаарсан. Тэр хоёрыг их дотно гэдгийг. Мишэл эгчийнд байхдаа түүнийг эр хүнтэй дотно байхыг харж байгаагүй, харин түүнтэй ийм дотно байгааг хараад магад түүний цор ганц ойр дотно хүн нь байжээ гэж бодож билээ. Тэгэхэд нэгэнтээ хажууд нь ойртож ирчихээд дахиад л асар холдсон мэт санагдаж байлаа. Би Мишэлийн хажууд хэн ч биш.
"Зүгээр үү?" Найруулагч надаас ийн асуулаа. Гэрийн минь гадна иржээ. "Би зүгээр ээ. Хүргэж өгсөнд баярлалаа. Маргааш уулзъя найруулагч аа" гээд гэр лүүгээ зүглэв. "Шэрли!" "За?" "Сайн ажиллаа, баярлалаа" "Танд ч бас.." Түүнийг өмнө ийм найрсаг байхыг харж байгаагүй ч найруулагчийн сайхан сэтгэлд баярлаж байсан сан. Найруулагч.. Вэрнон.. тэр ч бас амьдралын минь мартагдашгүй дурсамжуудын нэг. Вэрнон Чүэ гайхалтай найруулагч, сайн ч хүн байлаа.