Party

609 86 1
                                    

Амьдрал хэвийн өрнөх ёстой байлаа. Бүх юм ном журмаараа байж, би юунд ч санаа зовохгүй амьдрахыг хүсч байсан. Гэхдээ санаснаар болдог зүйл гэж байдаггүй юм.

Тэр оройн явдлаас хойш болсон зүйлсийг би нэгд нэгэнгүй ярьж өгье. Вэрноны хэлсэн зүйлс, түүний байгаа байдал хангалттай ойлгомжтой байлаа. Гэвч энэ миний хүссэн зүйл биш. Түүнийг надад дотно хандаасай гэж хүсэхгүй байна. Учир нь би түүнд ямар ч сэтгэлгүй шүү дээ. Тийм байхад тэр ингэлээ гээд ямар нэмэртэй юм гэж бодож байв. Тэр тусмаа найруулагч нь жүжигчинтэйгээ нэр холбогдох нь түүний нэр төрд харш зүйл. Хэл ам тасрахгүй шүү дээ. Би өөрийгөө ч бодсон юм биш. Гэвч энэ бүгд үнэн. Ядангуяа над шиг тогтворгүй хувийн амьдралтай хүнтэй орооцолдох бүр ч дэмий. Гэвч эцсийн эцэст би өөрийгөө л бодож байсан нь үнэн байлаа.

"Чи түүнийг тоохгүй орхиж болохгүй ээ" гэж Мишэл надад зөвлөлөө. "Гэвч би түүнийг харж явдаггүй. Вэрнон гайхалтай найруулагч, сайн ч хүн. Гэхдээ би нэг ч удаа түүнийг эр хүн гэж сонирхож шохоорхож явсангүй. Тэр.. тэр зүгээр л ачтай буянтай хүн." гэж санаа алдан хэлэхэд Мишэл над руу гуйсан харцаар ширтэж "Шэрли, чи түүнийг ачтай буянтай хүн гэж бодож байгаа л юм бол сэтгэлийг нь хөсөр орхиж болохгүй. Чи түүнийг өөрчилсөн. Багаас үг дуу цөөтэй, ажлаас өөр юм мэддэггүй Вэрноныг чи л инээлгэж, баярлуулдаг болсон шүү дээ. Чи түүнд хэрэгтэй, Шэрли. Ядаж одооноос бага ч болтугай гаргасан сэтгэлд нь сайхан хариу барь л даа."

Вэрнон надад нэлээдгүй дотночилж хандах болсноос хойш Мишэл байнга ингэж үглэх болсон билээ. Оргүй ч үг хэлдэг юм биш л дээ. Түүний хэлдэг туйлын үнэн. Вэрнон надад байдаг чадлаараа л сайхан хандаж байна. Намайг өдий зэрэгт хүргэсэн хүн бол Вэрнон. Тэр байгаагүй бол би яах байснаа мэдэхгүй юм. Гэвч яагаад ч юм би түүний тэр сайхан сэтгэл рүү ус цацчихдаг байсан. Би түүнд хэчнээн дотно хандахыг хичээгээд ч миний сэтгэл хувирахгүй шүү дээ. Би тэр үед ч Жошуаг бодсон хэвээр байлаа.

Тэр нэг жилийн кино наадмын дараа бид үдэшлэгт уригдав. Хонгконгд болсон явдал. Мишэл бид хоёр хамт үдэшлэгт очлоо. Улаан хивсэн дээр бидэн шиг сайхан нь үгүй байв. Энэ үгээрээ би өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Мишэл үнэндээ надаас сайхан эмэгтэй тул тэндхийг бүхэлд нь гэрэлтүүлж байлаа. Үдэшлэг болж буй газар хүрэхэд бид дотогш оров. Хонгконгийн тансаг зочид буудлуудын нэгт энэ үдэшлэг болж байсан юм. Дотор маш олон хүмүүс хуран цугласан байсан ба биднийг орох үед бүгдийн анхаарал нааш төвлөрөх нь тэр. Тэд цөм алга ташин угтан авцгааж, баяр хүргэж байлаа. Харин тэгтэл тэдгээр хүмүүсийн дундаас Вэрнон хүрч ирээд намайг тосон авч "шагнал авсанд баяр хүргэе" хэмээн хацар дээр үнслээ. "Баярлалаа, танд ч бас шагнал авсанд баяр хүргэе" "Өнөөдөр чиний өдөр. Энэ гайхалтай үдэшлэгийг Жош бидэнд зориулж зохион байгуулж байгаа юм" гэж түүнийг хэлбэл хаа нэгтэйгээс Жошуа гарч ирээд "Сайхан оройн мэнд Шэрли минь. Чиний төлөө хийж өгч чадах зүйл өөр алга даа" хэмээн хэлсэн нь тэр баярт өдрийн хамгийн том шагнал байсан мэт баяр дээр минь баяр нэмж байлаа. "Баярлалаа та бүхэнд. Баярлалаа" Бид дөрвүүл уулзан зогсож байтал хэн нэгэн Вэрнонд баяр хүргэхээр дагуулаад явчихав. Мишэл танил захирлуудтайгаа таарсан тул тэдэнтэй мэндлэхээр явж одлоо. Тэр танхимд Жошуа бид хоёр дахин хоёулахнаа адил үлдэж бага сага зүйлс ярилцан зогсоно.

"Өнөөдөр кино урлагт тан шиг нөлөө бүхий, ирээдүйтэй хүн үгүй. Ажил төрөл чухал ч эрүүл мэндээ бодоорой. Таныг сүүлийн үед их ядарч эмнэлгийн тусламж авч байгаа гэж сонслоо. Миний санаа зовох юм" гэж түүнийг хэлэхэд би балмагдан "Танд баярлалаа. Би зүгээр дээ. Харьцангуй залуу бага үе шигээ гүйж чадахаа байж. Тэгээд л тэр. Одоо гуч дөхөж явна шүү дээ би" гэж хэнэггүйхэн инээхэд тэрээр "Тэр тусмаа цагийн хуваариа сайн зохицуулаарай гэж зөвлөе. Та их шаргуу ажилладаг" "Ойлгож байна аа.." "Өнөөдөр та дэндүү сайхан харагдаж байна" гэж хундага оргилуун дарсыг надад атгуулаад хэлнэ. Би ичингүйрэн хариу талархал илэрхийлээд хундагатайгаа тулган уулаа. Бид хоёрыг тэгээд зогсож байтал Вэрнон удалгүй ирэн нэгдлээ.

"Жүн?" Тэнд би Жүн ахтай таарсан юм. Түүнтэй хамгийн сүүлд уулзсанаас хойш олон жил өнгөрчээ. Тэр нэг их өөрчлөгдөөгүй байх. "Оройн мэнд. Энд таарна гэж бодсонгүй шүү" гэж намайг хэлэхэд "Бид Хонгконгт байна шүү дээ. Тэгээд ч энэ чамд зориусан баяр" гэж битүүхэндээ баяр хүргэнэ. "Ирсэнд баярлалаа. Амьдрал хэр байна даа?" гэж түүний хажууд байхаараа л илэн далангүй зан төрхөө олдог зангаараа хэнэггүйхэн асуувал тэрээр бага зэрэг инээмсгэлээд "Сайн. Кино хийж байгаа. Бас би удахгүй хуримаа хийнэ" гэлээ. "Тийм үү? Ямар сайхан мэдээ вэ? Хэн юм бэ? Эхнэр болох хүн чинь?" "Үнэндээ миний багын найз байгаа юм. Жү Сянь Зюнь гэдэг. Сайхан эмэгтэй бий" "Аан.. энгийн сайхан эмэгтэй байх нь ээ. Ашгүй дээ. Чамайг аз жаргалтай амьдарна гэдгийг би сайн мэдэж байна. Надтай танилцуулаарай" гээд инээлээ. "Мэдээж. Чамд таалагдана аа. Чи ч түүнд таалагддаг шүү"

Бид ийнхүү эртний сайн найзууд шиг сайхан яриа өрнүүлээд салцгаалаа. Хүн хүнээ сайхан дурсамжаар нь санаж явах хамгийн сайхан нь ажээ.

"Вэн Жүн Хүй хуримаа хийх гэж байгаа гэсэн үү? Сайхан амьдарч байгаа бололтой шүү" гэж Жошуа биднийг түр орхисон байснаа буцаж ирээд ам нээв. "Тийм ээ, сайн хүнд сайхан хань заяах байх аа. Над шиг муу хүн биш" гэхүйд Жош "Зөв хүнээ л олж чадвал насны сайн ханьтайгаа учирсан гэсэн үг шүү дээ. Та муу хүн биш ээ, зөв хүнтэйгээ учраагүй болохоор л танд тэгэж санагдсан байх" "Тийм гэж үү? Би.." "Удахгүй тэр хүнтэйгээ учирна гэж найдаж байна" гэж тэрээр хэлээд инээмсгэллээ. "Тун ойрхон байгааг анзаарахгүй яваад байгаа юм" гэж гэнэт Вэрнон хажуунаас хэллээ. Түүний ийм илэн далангүй байдал намайг айлгаж байлаа. "Аан тийм байх нь ээ?" гэж Жош Вэрнон руу харж инээгээд "За би ч явах уу даа. Энэ орой сайхан байсан гэж найдъя." гэлээ. "Явах гэж байгаа юм уу?" гэж намайг гайхан асуувал "Тийм ээ, би маргааш Макаод ажилтай л даа. Одоо явахгүй бол болохгүй нь" гээд үг хэлэхийн завдалгүй явчихав. Вэрнон амандаа "Жош ч шилдэг нь шүү." гэж бувтнах бөгөөд над руу хараад "Өнөө орой цагийг ханатлаа сайхан өнгөрүүлнэ биз дээ?" гэвэл яагаад ч юм Жошуаг явчихсанд энд байх хүсэлгүй болж "Би бага зэрэг ядраад байна. Миний хувьд баяр хангалттай байлаа." "Тэгвэл би чамайг буудал руу чинь хүргээд өгье" гээд явахыг завдвал би түүнийг зогсоож "Хэрэггүй дээ. Би жолооч дуудчихъя. Таныг энд хүлээж буй хүмүүс их байна шүү дээ." гээд хацар дээр нь үнсээд гарахаар явлаа. Зочид буудал хүртлээ би ихэд бодолд дарагдан байж билээ.

Memoirs(Completed) Where stories live. Discover now