1。 "Kai's Bell"

5.3K 331 7
                                    

Шинэ газар, шинэ хүмүүс.

Энэ удаагийн хот яг л аймшгийн кинон дээр гардаг шиг хүмүүс нь над руу сүнс харсан аятай л ширтэцгээж байв. Яг л тэд намайг тэдний овог аймагт нэвтэрсэн алуурчин аятай ширтэх нь биений хамаг үсийг минь босгож байлаа. Би малгайтай цамцныхаа юүдэнг өмссөөр хэн нэгэнтэй харц тулгарчихгүйхэн шиг чимээгүй алхсаар өнөөдөр хоног төөрүүлэх аюулгүй газрыг хайж байв. Өнөөдөр ч бас гудамжинд хонох нь гэсэн бодол минь намайг санаа алдахад хүргэх нь тэр. Хэдий болтол би энэ золбин амьдралаар амьдрах бол? Хүнгүй газар ирсээр усан оргилуурын дэргэдэх модон сандал дээр суун тоотой хэдэн хувцсаа хийсэн үүргэвчээ хажуудаа тавив. Хамгийн сүүлд хэзээ усанд орсноо ч мартчихсан байна. Цүнхнээсээ хоёр хоногийн өмнө гудамжны мухлагаас авсан талхныхаа талыг гаргаж ирэн өлсгөлөн гэдсээ өчүүхэн ч болов өл давуулав. Үс минь ширэлдэж биенээс минь хэдэн миллийн цаанаас ч хир үнэртэхээр байвч тийм зүйлийн талаар бодох ч тэнхэл байсангүй. Цүнхээ дэрлэн сандал дээр эвээ олж хэвтсээр ямар ч бараан үйлгүй хөх тэнгэр лүү ширтэн хэвтлээ. Тэнгэр лүү харах бүрт би өнгөрсөн жилүүдийг эргэцүүлэн боддог. Би энэ хорвоод яах гэж төрсөн юм бол? Би яагаад одоог хүртэл ингэж амьдарч байгаа билээ? Миний хувьд амьдрал минь үргэлж л нэгэн хэвийн уйтгартай байсан. Асрамжийн газарт байхад ч намайг үрчилж авах нэгэн байгаагүй 18 хүрээд л гэр оронгүй нэгэн болж хувирсан. Боловсролын дипломгүй надад боломжийн ажил олдох нь мөрөөдөл шиг л байсан. 20 нас шөнийн цэнгээний газруудын үүдийг дагаж явсаар нэг л мэдэхэд 4 жил өнгөрсөн байв. Эцэст нь одоо хаана ч юм өмнө огт сонсож байгаагүй газар дүрвэн ирсэн минь дахиад л анхныхаа байранд аваад ирэх нь тэр. Бодол болон хэвтсээр аль хэдийн нар жаргаж бүрий татаж байгааг анзаараагүй байв. Хажууханд замын эсрэг талд тод улаан гэрэл асан анхаарлыг минь татах нь тэр.

"Kai's Bell"

Намайг энэ жижиг хотод орж ирэх замын уулзвар дээр байсан хаяг энэ баарны хаяг ижилхэн байв. Сандал дээр босож суун эргэн тойрноо харан хэн нэгэн байгаа эсэхийг шалгаад цүнхнээсээ цэвэрхэн гэсэн ганц гайгүй цамцаа гаргаж ирэн хөлс үнэртсэн футволкоо тайлан түүнийг сольж өмсөв. Өнөөдөр миний азтай өдөр л гэж найдъя. Хажуугийн оргилуурын усанд нүүр гараа угаагаад үсээ норгон ардаа ороов. Үүргэвчээ нэг мөрөндөө үүрсээр цүнхэнд удаан байснаас болж үрчийж хорчийсон цамцаа тэнийлгэх гэж оролдон хэд хэд татсаар замын эсрэг талд байх баарны зүг алхав. Хаалгаар ороход жааз хөгжим эгшиглэж байх бөгөөд дөнгөж онгойсон болохоор ч тэр үү цөөхөн хэдэн хүмүүс л пиво ууна сууцгааж байв. Намайг орох мөчид тэнд байсан цөөхөн хэдэн хүний анхаарал над дээр тусан бүгд над руу сонин харцгааж байх нь нуруугаар хүйт даах шиг болж байлаа.

⥈His Beta⥈Where stories live. Discover now