Unwanted life

1.5K 100 31
                                    

Их хотын гэрэлт гудамжаар хүний хөл үл тасрах нэгэн шөнө. Хотын амьдрал, хүмүүсийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Шөнө ч өдөр мэт гэрэлтдэг болсон энэ эрин. Харин хүмүүний дотор өдөр ч шөнө мэт харанхуй болчихсон цаг.

Дуудлагын жолоочоор хүргүүлж ирээд машинаасаа буух согтуу эмэгтэй. Нэг гартаа дарс, нөгөө гартаа цүнхээ атгасан тэрээр гуйвж дайвсаар байр уруугаа орно. Гадна ач хүүгийнхээ нохойг салхилуулж буй хажуу байрны өвөө түүнийг хараад амандаа "Үгүй энэ одооны залуус уу. Эр эмгүй архидан согтуурдаг болжээ." хэмээн үглэнэ.

Гучин давхар орон сууцны хамгийн дээд давхарт амьдардаг энэ эмэгтэй цахилгаан шатанд эгээтэй тасраад хоночихсонгүй. Цахилгаан шат нээгдэхтэй зэрэгцэн сочин сэрж, явсаар эцэст нь гэрээ олон орлоо. Үүдэндээ байсан эрэгтэй гутлыг хараад эмэгтэй анхлан баярласнаа удалгүй нүүрэнд нь тодорсон мишээл арилж, өндөр өсгийтөө тайлж шидээд зочны өрөөнд ороход урд нь хоёр дугуйтай чемодан, нэг гар цүнх хөндөлсөв. Сүүмгэр нүдээрээ буйдан руу ширтвэл нэг эр цомцойн сууж байлаа. Эмэгтэй дарсаа ширээн дээр тавингаа гадуур хувцсаа тайлж, гэрт нь өөр хүн байхгүй мэт аашилна. Удтал тэгж аашилсны эцэст эрэгтэй тэсгэл алдан өндийж,

"Би явъя даа. Өөрийн гэх бүх хогшлоо авахаар ирсэн юм. Одоо юу ч үлдээгүй учир энд дахиж ирэхгүй ээ. Хоёулаа ч мөн дахиж таарахгүй гэж найдаж байна. Ингээд явъя даа." хэмээн хүйтэн хөндий дуугаар хэлээд баглаж бэлдсэн ачаануудаа аван гарч одлоо.

Хөлийн чимээ буцаад тодрох нь уу хэмээн чих тавин чагнасан ч бүдгэрсээр бүдгэрсээр замхарлаа. Эмэгтэй өөрийгөө шоолон инээж, сүүлдээ уйлж унжин, дарсыг шилээр нь залгилж, урсах нулимс, холилдсон будаг, дарсны үлдэгдлийг шувтран арчина. Энэ гунигт мөчийг радиогоор явах зүрх зүсэм үгтэй уянгын дуу бүр ч уйтай болгох юм. Эмэгтэй дарсаа ч дуусгаж, нулимсаа ч бараад ширээн дээр үхсэн мэт нам унтахад сая гунигт ая дуусаж гэнэ.



Өглөө болж, нарны алтан цацраг нүүрэн дээр нь тусах цагт эмэгтэй нүдээ нээлээ. Өчигдөр орой ууж суусан чигтээ унтаж орхисон тул хүзүү нуруу нь хөшиж, хажуугаар нь шартсан толгой нь задрах шахам өвдөнө. Төсөөлж болох хамгийн өвчин зовуурьтай өглөө гэж үүнийг л хэлэх ажгуу. Ам нь ангаж ядахдаа арайхийн өндийвөл биеийнх нь яс нэг бүр хугарч байна уу гэлтэй тачигнан дуугарч, толгойн өвчнөөс болж эгээтэй уначихсангүй. Дотор гэж авах юмгүй, арслан барс ороод үүрлэчхэв үү гэлтэй. Тасалгааны хэмтэй бүлээхэн усыг гэдсээ дүүртэл балгалж авсны дараа сая нэг их түймэр дарагдах шиг боллоо. Ингээд эргэн тойрноо анзаарахтайгаа болох үед гэр нь нэг л хоосон оргиод явчихав. Нэг л хүйтэн, нэг л зэвхий даасан мэдрэмж. Саяхан л цонхоор нар тусаж асан атал ийм жихүүдэс төрөм байна гэдэг. "Аан тийм л дээ."

Time Renegades(Completed)Where stories live. Discover now