I

3.1K 171 27
                                    

Чусон гүрэн доройтон мөхөж байлаа. Япончууд Чусон руу удаа дараа их цэргээр дайрч, өөртөө нэгдэхийг шаардаж байхад туйлдаж ядарсан Чусон арай ядан хөл дээрээ тогтож байлаа. Эзэн Хаан Сүн Жуныг түлхэн унагасан тэр жил Чусоныг урьд байгаагүй их гай тотгор нэрвэн авлаа. Чусон Японы мэдэлд оржээ. Солонгосын түүхэн дэх хамгийн хар бараан колоны үе эхэллээ.

"Энэ 1910 он байсан. Япончууд хуйгаараа орж ирж биднийг шахаж байлаа. Мөн оны наймдугаар сард манай ерөнхий сайд Еэ Вон Ён Солонгосыг Японд нэгтгэх гэрээнд гарын үсэг зурж, биднийг хөсөр орхилоо. Дээр дооргүй бүгд сандралдцгаан, хөл толгой нь мэдэгдэхгүй хүн ард цөм нийслэлийг орхин дутаах нь дутааж, гэртээ бүгэх нь бүгэж байв. Японы цэргүүд өндөр дээд цолтой хүмүүсийг толгой дараалан хороож, ар гэрийнхнийг нь хүйс тэмтэрч байсан тул ордны түшмэл байсан аав минь авааль эхнэр, удахгүй төрөх хүүхэд хоёроо Япончуудын гарт хэрцгийгээр алуулахгүйн тулд энгийн ардын хувцас өмсөж шөнө дөлөөр нийслэлээс зугтсан юм. Долоо илүү сартай тулгар биетэй ээжийг тэргэн дээр суулгаад чирж явахдаа аав минь амьд л гарч байвал бусад нь хамаагүй гэдгийг мэдэж байсан биз.

Хаврын сүүл сарын шинийн дөрвөнд ээж эсэн мэнд нярайлсан нь тэдний анхны нуган үр, миний ах байлаа. Юн овогтын эр цөвүүн цагт өсөн торниж байлаа. Хэдий Япончуудын дарлалд нуугдаж цөхөн амьдарч байсан ч түүнийг язгууртан адил эрдэм чадалтай болж өсөхөд юу ч саад болсонгүй. Тэрбээр гурван настайдаа уншиж сурсан ба таван нас хүрэх үедээ гурван мянган ханз мэддэг болсон байв. Аав бичгийн түшмэл байсан тул түүнд бичиг номыг нууцаар ягштал сургажээ. Харин ээж минь түүнд бусад урлаг, уран зураг, дуу хуур, ёслолын талаарх арвин туршлагаасаа заан сургаж. Ах минь арван нас ч хүрээгүй байхдаа уран зураг таталдаг, ятга дардаг, бусад хөгжмийн зах зухаас мэддэг, шүлэг бичдэг гоц эрдэмтэй хүмүүн болсон байлаа.

1919 онд Солонгосын ард түмэн анх удаа Японы дарангуйллын эсрэг томоохон бослого өдүүллээ. Бослогод оролцож явсан аав минь бусад ижил нөхдийнхөө адил алуулж, бид гурав өнчирч хоцорлоо. Тэр үед ах есөн настай, би дөнгөж хоёр ойтой нялхаараа байсан ба ээж минь үр төрлөөрөө амьд үлдэх хүндхэн сорилттой нүүр тулжээ. Тэр өөртөө хадгалж үлдэж чадсан цөөн хэдэн торгон дээлээ арилжиж, ёочин, шанз, хуучир зэргээ ч мөн мөнгөөр арилжаад хоол хүнс авч биднийг амьдруулж байв. Бидэнд үлдсэн хөрөнгө гэвэл хэдэн судар, бийр янтай, цаасан эд агуурс, ганц ятга, бас хааш хаашаа найман алхам жижигхэн тариан талбай үлджээ. Нутгийн бүр хөдөө газар л солонгосчууд газартай үлдэж чадсан нь энэ бөгөөд хэдэн жилийн өмнөөс мянга мянгаараа ирж суурьших болсон Япончууд бидний бүх газрыг авсан. Бид өлбөрч үхэхгүйн эрхэнд Япон айлын зарц шивэгчин болж, тариан талбай дээр нь ажиллаж, гахай шувууг нь хооллон, шар нар бор хоногийг аргацаана.

Comfort man(Completed)Where stories live. Discover now