V

723 112 8
                                    

"Хаашаа орчихов? Энд л байх ёстой доо, хараал идэг! Хараал чамайг идээсэй!"

Гэзгээ шууж, ленин малгай духдуйлаад, гадуур хүрмээ хөдрөн өөрийгөө тольдоно. Хацар нь шөвийж, нүдний нь доогуур хөх туяа татсан ч хамаагүй, амьд л байна одоохондоо.

Хааш хаашаа ганц ор, нэг шүүгээ орох умгархан хөлсний өрөө. Цонхны шилэн дээр тогтсон тортог хуруу зузаан, бүүдгэр. Тавцан дээр янжуурны иш, хальс хог дүүрэн. Цонхон доогуурх галт тэрэгний чимээ, бараан хар утаа, үл мэдэг доргих шал, цонх. Хэний ч анзаарамгүй хөлсний том байр.

Үүдээ түгжээд доош хурдлан уруудлаа. Нэг давхрын жижиг цонхон дээр сарын хөлсөө үлдээгээд хүн үнэртсэн гудманд гарч ирлээ. Гадна үд болж байгаа хэрнэ бүүдгэр хэвээр, утаа тортог, шороо тоос манаран орчныг гандуу шаргал үзэмжээр будна.

Явсаар хар хүрэн өнгийн хоёр давхар модон барилга руу явж орлоо. Гадна талаасаа хэний ч анхаарлыг татахааргүй өмхөрсөн пүнз мэт харагдав ч дотор нь элдэв янзын хүмүүс бужигнасан байшин. Нэг өрөө рүү шагайхад нэжгээд авгайчуул суусан барьцаалан зээлдүүлгийн газар, өөр өрөө рүү шагайвал мөнгө үнэртсэн мөрийтэй тоглоомын газар, ахин нэг рүү нь шагайвал алт мөнгөний дархан, арваад алхаадахвал олон янзын эд бараа зардаг мухлаг гээд энэ байшин тэр чигтээ хууль бус үйлчилгээний нуувч гэж хэлж болохоор ажээ. Шанхайн хамгийн харанхуй хэсэгт ч биш, хамгийн нүүрэн гудманд ч биш, төсөөлөхийн аргагүй энгийн газар байрладаг тул сонирхсон нэг нь л орж гардаг, сонирхоогүй хүнд пад байхгүй тийм газар байж.

Хамгийн булангийн өрөөнд хүрээд тал хаалганы дээгүүр өлийн харав.

"Ямар хэргээр явна?" гэж нэг нүдэндээ дугараг шилтэй янжуур зуусан хятад эр хийж буй зүйлээсээ нүд салгалгүй асуув.

"Энэ би байна." гэж ленин малгайтай эр хэлээд шувуун толгойтой тэмдэг урд нь сарвайвал алт мөнгөний дархан сая түүнийг ирж гэдгийг мэдээд хаалганыхаа түгжээг тайлан орохыг хүсэв. Залуу орж ирээд хаалганы дээд хагасыг давхар хаан битүүллээ.

"Сураг байна уу?"

Дархан хийж байсан зүйлээ түр завсарлаад шүүгээнийхээ доод нүднээс нэг дугтуйтай зүйл гаргаж өглөө. Залуу дугтуйг задлан үзвэл хэдэн гэрэл зураг байв. Зураг бүр дээр өөр өөр охины зураг байх бөгөөд бүгдийг нь ээлжлэн үзсэнийхээ дараа залуу толгойгоо сэгсрэн буцааж өгөв.

Comfort man(Completed)Where stories live. Discover now