VII

617 113 1
                                    

"Та энд юу хийж яваа юм бэ?" гэх Ватанабэгийн гайхсан өнгө аяс, цоо ширтэх харцны өөдөөс Жон Хан юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Тэр жил нүүгээд явсан багын найзаа мөн эсэхэд тэр огтхон ч эргэлзэхгүй байсан ч хэлэхээс нэг л цааргалаад, бишүүрхээд болсонгүй.

"Ватанабэ Сэйчи... Сэйчи мөн биз дээ?"

Түүнийг малгайн доороо нуугдчихаад амандаа юу бувтнаад буйг сайн ойлгоогүй Ватанабэ өрөөнөөсөө шагайн тэднээс өөр хэн нэгэн давхарт нь алга эсэхийг нягтлаад юун түрүүн түүнийг орж ирэхийг хүслээ. Жон Хан итгэлгүйхэн хөлөө чирсээр дотогш ороход Ватанабэ ард нь хаалга хаах сонстоно. Урагшаа хэд алхан өрөөний голд хүрээд малгайгаа аван Ватанбэ рүү харав. Урд талын бусдаас богино хэдэн үс нь нүүр уруу нь унжина. Ватанабэ нэг гараа ташаандаа, нөгөө гараа толгойныхоо ард авч түүнийг юу хэлэх гэж байгаа юм бол хэмээн тэсгэл алдан хүлээнэ.

"Сэйчи."

Жинхэнэ нэрээр нь дуудаж эхэлсэнд Ватанабэ эхэндээ гайхаж эвгүйцэв. Хөмсгөө зангидан цааш юу гэхийг нь чих тавин хүлээлээ.

"Сэйчи... Намайг танихгүй байна уу?" гэж Жон Хан түүн рүү эгцэлж харж зүрхлэхгүй нүдний булангаар ширтэн асуухад Ватанабэ хэсэг тээнэгэлзэн түүний зүг нүдээ онийлгон ширтэв.

"Байж боломгүй юм. Чи... чи... арай Юн... За арай үгүй байлгүй. Тэр энд юу хийж явна гэж?"

Сэйчи амаа даран эрүүгээ илэх ба нэг л итгэж өгөхгүй байгаа нь илт. Тэр харваас үнэн дүрээрээ зогсох багын найзыгаа итгэж өгөхгүй байгаа шалтгаан нь ердөө ийм хол газар таарах учиргүй гэж өөртөө итгүүлж байсных биз.

"Тийм ээ, би мөн байна. Юн Жон Хан байна." гэж тэрээр итгэл муутайхан хэлээд хөнгөхөн инээд алдлаа. Тэр одоо ч Сэйчи рүү харж зүрхлэхгүй малгайныхаа ирмэгийг оролдон газар ширтэн зогсоно. Хар багын найздаа ямар байдалтай харагдсанаа бодохоор хамаг ичих булчирхай нь биеийг нь бүрхчихэж л дээ.

"Яаж? Чи яагаад энд байгаа юм бэ?" гэж хоёр гараа толгойныхоо ард авч, гайхаж цочирдсон тэр бээр нүд бүлтрэх шахам Жон Хан руу ширтэнэ.

"Эр хүний замын хүзүү урт гэж. Явсаар явсаар нэг мэдэхэд энд хүрээд ирж. Чи ч бас, хол явжээ. Энд... таарах юм чинээ санасангүй шүү." гэхдээ сая л Сэйчи рүү толгой өндийн харлаа.

Сэйчи цочирдсон хэвээр орон дээрээ суугаад уртаар амьсгаа авлаа. Хоёр найз өөр үед, өөр газар, өөр шалтгаанаар, өөр тохиолоор учирсан бол нөхцөл байдал илүү хялбар байх байсан биз. Гэвч тэд юу юутай учирч тулгарсан, ямар бантан хутгаснаа мэдэж байсан тул тийм ч амархан учир жанцангаа ололцсонгүй. Тэд бүр андын ёсоор дорвитойхон мэндэлсэн ч үгүй. Хоёул бие биеэс халган, биеэ барьж, айж бас гайхаж байв. Эцэст нь Сэйчи ам нээн түүнийг суухыг хүсэв. Жон Хан аяганы ширээнээс сандал татан найзынхаа ойролцоо очиж суулаа. Тэр хоёр удтал хоорондоо дуугарсангүй, өрөө нэг л жиндүү. Хэн нь түрүүлж яриа өдөхөө мэдэхгүй жаал гайхан сууцгаав. Жон Хан бүхэлдээ хөшчихсөн, нүд нь сүүмийгээд шал руу тас гөлрөн, амаа жимийн суух бол Сэйчигийн нүд энэ тэрүүгээр тэнэж, амаа хагас ангайлган, эрүүгээ зуурчихсан аятай мэлэрнэ. Өрөөнд ялаа дуулдам нам нүм ноёлжээ. Ханын цаг чаг чаг хийн чихэн дээр дэлсэнэ.

Comfort man(Completed)Where stories live. Discover now