IV

762 118 11
                                    

Хоёр дайны голд зөвхөн Солонгос улс тартагтаа тулаагүй юм. Япон өөрөө дампуурлын ирмэгт тулсан байлаа.  Нэгдсэн улсын маягийн чөлөөт эдийн засаг тэр цагт тусыг олоогүй учир их хэмжээний алдагдал хүлээж байв. Эцэст нь Японы цэргийн хүчнийхэн төр засгийг түлхэн унагаж, милитарист* Японы эрин үе эхэллээ. Улсыг хөл дээр нь босгохын тулд эдийн засгийг төр гартаа авч, ингэснээр бага багаар хөл дээрээ босож эхэлжээ. Япон үүнийгээ ашиглан батлан хамгаалах салбараа зузаатгах, колон улсуудаа мэдэлдээ бат байлгахын тулд цэрэгжилтийг эрчимжүүлэв. Японы арми урьд урьдхаас хэд дахин томров. Ард олны цэрэгт татагдах нь ихсэж, колоны бүсүүд рүү их хэмжээгээр шилжих болжээ.

Даацтай цэрэгжилтийг дагаад хөгжиж байсан өөр нэг зүйл бол цэргүүдийн зугаа цэнгээний асуудал байлаа. Энэ үед Япон гейша нар цэргүүдийн дараа орохоор зиндаатай, эрх мэдэлтэй хүмүүс болжээ.

Шанхай, 1934 он. Их Шанхай цэнгээний газарт олон олон япончууд цугларч дуу хуур, бүжиг дуурь үзэж үдшийг цэнгэлтэй өнгөрүүлнэ. Цэнгээний газар бол том том нөлөө бүхий хүмүүсийн уулзаж ажил ярьдаг нэг төрлийн хурлын өргөө билээ. Тэр хурлын танхимд нэг өдөр хэдэн их хүмүүс орж ирсэнд дээд суудлын баруун захад сууж байсан хүн дуу шуу болон тосож очоод мэнд мэднэ.

"Сайдтан, тавтай морил. Ийм газар угтан авч буйдаа ихэд ичиж байна аа. Та сайн явж ирсэн биз дээ?" гэх налигануур үгс тэр хүний амнаас урсана.

"Сайн л явж ирлээ. Би энэ их сайхан гэрэлт хот Шанхайд ирж үзэхийг чухам хүсдэг байлаа. Эцэст нь үзлээ шүү дээ." гэж буурал тогтсон ширүүвтэр царайтай ноёнтон сахлынхаа ардаас шүдээ яралзуулан инээд алдлаа.

"Харин энэ ноёнтон чинь?" гэж угтагч хүмүүнийг бөхөлзөн асуувал,

"Миний хүү, Ватанабэ Сэйчи."

Угтагч хүмүүн тун танимхайран инээгээд "Энэ хүн чинь тэгэхээр алдарт наян наймдугаар салааны дарга Ватанабэ байх нь ээ? Ийм залуу хүн байна гэж төсөөлсөнгүй шүү." хэмээгээд цэрэг маягаар ёсоллоо.

Залуу эр хариу ёслоод "Ватанабэ Сэйчи" хэмээн давтлаа.

"Энэ хүн бол Жянсү мужийн захирагч генерал Сато." гэж эцэг нь хүүдээ хариу танилцууллаа.

"Танилцахад туйлын таатай байна. Сато Соужи гэдэг." 

Тэд танилцан мэнд мэдэлцсэнийхээ дараа Сатогийн урилгаар ширээнд заларч бусдын нэгэн адил тухаллаа. Захирагч, сайд хоёр элдэв зүйл ярилцан ам халах зуур дуу шуу багатай Ватанабэ-сан цагаан бээлийгээ тайлаад хүзүүн дэх алчуураа буулгангаа тайзан дээрх дуу бүжгийг чимээгүйхэн ширтэнэ. Тэрээр энэ Шанхайд эцгийгээ төлөөлөн түр суухаар ирсэн билээ. Төрийн эргэлт хийх үеэр Ватанабэ өөрийн салааг удирдан гарамгай байлдсан тул алдар нэр нь хэлээд түгжээ. Эцэг нь шинээр гарсан төрийн зүтгэлт сайд болон дэвшсэн тул бүр ч нэр нөлөөтэй гэр бүл аж.

Comfort man(Completed)Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon