XI

710 99 18
                                    

Сэтгэлд ассан түймэр хурын усанд унтрахгүй. Харин ч гал дээр асгах тос мэт улам дүрэлзүүлэн асаах буюу. Юугаар унтрааж дийлэх вэ? Эсвэл бөхөөх ёсгүй байх. Түймэрт автсан газар шинэхэн цэцэг дэлгэрдэг сэн. Бүрэн хоослоод өг. Тэгвэл дахиж шатах зүйл үлдэхгүй.



"...Жон Хан? Зүгээр үү? Миний хэлснийг сонсов уу?"

Сэйчигийн үг сая л чихэнд нь цуурайтахад Жон Хан дөнгөн данган сэхээ орж "Аан, юу гэсэн бэ? Өөр зүйл бодож байгаад сонссонгүй." хэмээн аяархан хэлэв. Түүний анхаарал төвлөрөх нь багасаад удаж байгаа билээ. Үе үе нэг тийшээ ширтээд таг болчихно. Хажууд нь хүн үхэж байсан ч анзаарахгүй. Хар тамхины л нөлөө байх гэж Сэйчи бодно. Энд бүгэх болсноосоо хойш тэр улам их хэрэглэх болсон тул бие нь тэр хэрээр сульдах болжээ.

"Нөгөө охин байна аа? Эмнэлгээс өнөөдөр гарна гэсэн. Түүнийг гэртээ буцаж харихаас өмнө уулзмаар байна уу гэж асуусан юм."

Жон Ханы нүд багахан сэргэж "Мэдээж, тэгэлгүй яах вэ. Би түүнийг хармаар байна. Харалгүй яах вэ." хэмээн толгойгоо барин босож ирлээ.

Сэйчи түүний биеийн байдалд давхар санаа зовж "Гэхдээ чиний бие үнэхээр зүгээр үү? Нэг л сайнгүй харагдаад байх юм. Явж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?" хэмээн учирлан асуухад Жон Хан инээх аядаж "Би зүгээр ээ. Хар тамхиа багасгаад эхлэхээр угаасаа ингэдэг юм. Удахгүй зүгээр болчихно. Байгаа нөөцөө гамнаж хэрэглэх санаатай багасгасан харин пянг нь даахгүй баларч байхгүй юу." гэж хэлээд гадуур хувцсаа өмсөхөөр явав.

Опиум хэрэглэсэн үедээ энэ хүн тун чиг найрсаг зантай болчихдог ба мансуурсан нүдээрээ мишээх аядах нь Сэйчиг муужруулж, хэрэглээг нь болиулж чадахгүй болгодог увдистай ажээ. Сэйчиг ажилдаа явсан өдрийн цагаар түүнийг юу хийдгийг мэдэхгүй ч орой ирэхэд хааяадаа ганц нэг ном эргүүлчихсэн, эсвэл өөрийн нь катанаг ирлэсэн шигээ сууж байдаг сан. Хажууд нь опиумтай гаанс аль гарт ойрхон газар хэвтэж байна. Тэгээд үе үе түүнийгээ аван сорохдоо хамаг бие нь тавиран суларч буйг харахаас андашгүй. Сандлынхаа түшлэгийг налан гэдийгээд утаа баагиулан гаргахдаа нүдээ анин дотроо бүлээцүүлж буйг ч Сэйчи андахгүй мэддэг болжээ. Яг энэ үед нь тэр саад хийж огтхон ч зүрхэлдэггүй билээ. Жон Хан хар тамхинд живсний учир энэ.



Охин руу очих замдаа Жон Хан машин дотор үсээ шуун янзалж, нүүр царайгаа тольдож амжив.

"Охин надаас айхаар болчихож. Үнэхээр онцгүй харагдаж байх шив. Азаар чи цэмбэгэр харагдаж байна. Болгоомжтой байхгүй бол тэр айчихна. Чи миний өмнөөс яриарай." хэмээн захина.

Comfort man(Completed)Where stories live. Discover now